​АЙМГИЙН БАЯР НААДМЫН БЭЛТГЭЛ 90 ГАРУЙ ХУВЬТАЙ БАЙНА
2 сар өмнө


Дорноговь аймаг байгуулагдсаны 86 жилийн ойн баяр наадам энэ сарын 28,29-нд болно. Аймгийн Засаг даргын орлогч Г.Эрдэнэцэцэгээр ахлуулсан наадам зохион байгуулах ажлын хэсэг 6-р сарын 27-нд байгуулагдан бэлтгэл ажлаа хангаж байна. Өнөөдөр ажлын хэсгийнхэн уулзаж бэлтгэл ажил хэдэн хувьтай байгаа талаар мэдээлэл солилцож шийдвэрлэх асуудлуудаа ярилцлаа.


Ажлын хэсгийн ахлагч Г.Эрдэнэцэцэг “Ерөнхийдөө наадмын бэлтгэл ажил жигдэрсэн 90 гаруй хувьтай явж байна. Ажлын хэсгийнхэн өөр өөрсдийн чиглэлээр бэлтгэл ажлыг хангаж байгаа. Төв цэнгэлдэх хүрээлэнгийн зүүн урд талд Цагдаа, Онцгой байдлын газар, Мэргэжлийн хяналтын газар зэрэг байгууллага байрлаж ажиллана. Төв цэнгэлдэх хүрээлэнгийн баруун талд тоглоомын үйлчилгээ явуулах газруудыг байрлуулахаар болсон. Мөн энд 4 саравч байрлуулна. Автомашины зогсоолын хувьд төв асарын хойд талд үйлчилгээ болон зочид төлөөлөгчдийн 40 машин зогсоно. Бусад нь урд талд зогсоно. Мөн нийтийн тээврийн зогсоол гаргасан. Үйлчилгээ эрхлэх зөвшөөрөл авсан 40 гаруй иргэн аж ахуйн нэгж байгаа. Энэ жил шаардлага хангасан, хүсэлт гаргасан иргэн, аж ахуй нэгжүүдэд нээлттэйгээр үйлчилгээ эрхлэх зөвшөөрөл олгож байна. Төв цэнгэлдэх хүрээлэнгийн баруун талд ашигладаггүй худгийг ашиглалтад оруулж байгаа. Эндээс үйлчилгээнийхэн усаа авах болон хурдан морио услах зорилгоор ашиглана. Харин хурдан морины уралдааны хувьд Хүн эмнэлэг, ГБХЗХГ, Мал эмнэлэг, Цагдаа, чиглүүлэгч, даамал зэрэг зайлшгүй ажил үүргээ гүйцэтгэж байгаа 8 машин зоон дотор явна. Нэг насны морь дагахад нэг машин 500 мянган төгрөг байгаа. 10 машинд морь дагах зөвшөөрөл өгнө. Зөвшөөрөлтэй машин зооноос гадна урд талд явна” гэж мэдээллээ.


Харин “Тохижилт Сайншанд” хот тохижилтын газрын дарга н.Жаргалсайхан “Төв цэнгэлдэх хүрээлэнгийн талбайн зүлэгжүүлэлтийн ажил 7 хоногийн өмнөөс эхэлсэн. Ерөнхийдөө ургаад эхэлсэн 10 хоногт л бүрэн ургаж дуусна. Бэлтгэл ажлын хүрээнд зүлгэн дээр аль болох гишгэхгүй байхыг анхааруулж байгаа. Мөн Төв цэнгэлдэх хүрээлэн тойрсон тарьсан моднуудыг хамгаалсан хайлш хийсэн. Гадна талаар нь шуудуу татуулсан. Мөн манай ажилчид өнгөрөгч амралтын өдөр аймгийн төв талбайн сандал, хөшөө, хайлшийг будаж засч янзаллаа. Түүнчлэн хойд хөтөлийн дагуух чулуун хашлага нурсныг буцааж янзлах, засах ажлууд хийгдэж байна. Төв цэнгэлдэх хүрээлэнгийн эргэн тойронд хогийн сав байрлуулна. Энэ жилийн хувьд хогийг ангилан ялгаж авна. Манай ажилчид наадмын үеэр бүтэн ажиллах учир хоггүй цэмцгэр наадам болоход анхаарч ажиллана. Төв цэнгэлдэх хүрээлэнгийн орчимд 4 био 00, Морь барианы газарт 2 био 00 ажиллана” гэсэн юм.

Хурдан морины уралдааны хувьд улсын баяр наадмын хурдын морьдын уралдаан зохион байгуулах жишгийн дагуу эрлийз морь уралдуулахгүй юм байна. Үндэсний бөхийн барилдаанд 256 бөх барилдах аж. Хурдан морины уралдааны бүртгэл Морь барианы газарт энэ сарын 27,28,29-нд болох бол Үндэсний бөхийн барилдааны бүртгэл энэ сарын 27-нд 10.00 цагаас Биеийн Тамир Спортын газарт явагдана.