Аймгийн ИТХ-аар Зүүнбаян багийг сум болох асуудлыг дэмжив
5 сар, 3 долоо хоног өмнө


Аймгийн ИТХ-ын ээлжит дөрөвдүгээр хуралдаан тавдугаар сарын 30-ны өдөр боллоо. Хуралдаанаар 6 асуудлыг хэлэлцлээ. Өнгөрөгч 12-р сард хуралдсан Аймгийн ИТХ-ын ээлжит хуралдаанаар Зүүнбаянг сум болгох асуудлыг хэлэлцэж ажлыг хэсэг байгуулан хилийн цэсийг тодорхой болгож дараагийн хуралдаанаар хэлэлцэхээр шийдвэрлээд байсан юм. Энэ дагуу Аймгийн ИТХ-ын тэргүүлэгчдийн хуралдааны 2017 оны 02-р тогтоолоор ажлын хэсэг байгуулагдан хилийн цэсийг тогтоох ажлыг хийжээ. Улмаар ажлын хэсэг Сайншанд суманд 5-р багийн нутагт дэвсгэрээр нь хилийн цэсийг тогтоохдоо Баруун Төгрөгийн худгаас Цагаан дух хүртэл Сайншанд Сайхандулаан сумын хилийн зааг 734-р өндөрлөгөөр тогтоосон байна.

Сайншанд сумын 5-р баг Зүүнбаян нь 566 өрх, 2364 оршин суугчидтай. 1994 онд Сайншанд сумын 5-р баг болгох шийдвэр гарсан байдаг. Тус баг нь 35 квт-ын цахилгаан дамжуулах шугамаар төвийн эрчим хүчний системд холбогдсон, Москва-Улаанбаатар-Бээжингийн төмөр замд салаа замтай, шилэн кабелиар интернет мэдээллийн төвлөрсөн системд холбогдож байгаа, төвлөрсөн дулаан, цэвэр ба бохир усны систем бүхий дэд бүтэц сайн хөгжсөн суурин газар юм.

Жилдээ улсын болон аймаг орон нутгийн төвлөрсөн төсөвт 327.638.4 төгрөгийн орлого төвлөрүүлдэг байна. Мөн Зүүнбаян Тосгоны захирагчийн ажлын алба нь 24 ажилтан албан хаагчдын бүрэлдэхүүнтэйгээр төрийн үйлчилгээг ард иргэдэд хүргэж ажилладаг байна. Зүүнбаянг сум болгох асуудлыг 2013 онд Аймгийн ИТХ-ын хуралдаанаар хэлэлцэн дэмжиж байсан удаатай. Монгол улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж түүний удирдлагын тухай хуульд “..... сум байгуулах, өөрчлөх, татан буулгах асуудлыг тухайн нутаг дэвсгэрт оршин суугаа иргэд болон иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас гаргасан саналыг үндэслэн хүн амын байршил, эдийн засгийн чадавхи, газар зүйн байршил, зам харилцааны нөхцөлийг харгалзан Засгийн газрын өргөн мэдүүлснээр Улсын Их Хурал шийдвэрлэнэ” гэж заасан байдаг юм.