АНУ-ын Элчин сайдын яам Дорноговьд 2 цэцэрлэг барина
9 сар, 2 долоо хоног өмнө


АНУ-ын Элчин сайдын яамны Тэргүүн ахлагч Жошуа Бак, Штабын ахлагч Эрик Отэмэнт, Олон нийттэй харилцах албаны дарга н.Болормаа нар Дорноговь аймгийн Сайншанд, Замын-Үүд суманд ажиллалаа. АНУ-ын Засгийн газрын зүгээс хөгжлийн төсөл хөтөлбөрүүдийг зөвхөн Улаанбаатар хотод төвлөрүүлэхгүйгээр алслагдсан хөдөө орон нутгийн зорилтот хүмүүст дэмжлэг үзүүлэхээр ийнхүү ажиллаж байна.

АНУ-ын элчин сайдын яамны холбогдох албаныхан өнгөрсөн жилээс эхлэн Дорноговь аймагт хүүхдийн цэцэрлэгийн барилгыг эхлүүлэхээр хэлэлцээ ярианы түвшинд ажиллаж байсан бол энэ оны 04-р сард Замын-Үүд суманд 5-р цэцэрлэгийн барилгын ажлыг эхлүүлэхээр болжээ. Тус цэцэрлэгийг Замын-Үүд сумын төвөөс алслагдсан багт барихаар болсон нь гэртээ байдаг хүүхдүүдийг сургуулийн өмнөх боловсролд хамруулах боломжтой болж байгаа юм. Харин үргэлжлүүлэн элчин сайдын яамныхан Сайншандад ажиллалаа. Энэ үеэр Дорноговь аймгийн төв дээр дахин нэг цэцэрлэгийг бариулахаар зураг, төсвийг холбогдох хүмүүст саналаа явуулсан тухайгаа хэлж байлаа.



Цэцэрлэг тус бүрийг 790 мян.ам доллараар үнэлж 150 хүүхдийн багтаамжтай барихаар болжээ. Ингэхдээ АНУ-ын барилгын инженер, техникийн ажилчид цогц хэлбэрээр үлгэр жишээ болохуйц цэцэрлэг барих болно. Цаашид хоёр орны хоорондын хамтын ажиллагаа улам өргөжин тэлэх чухал он жилүүд ирж байна хэмээн АНУ-ын Элчин сайдын яамныхан онцоллоо.