Багийн засаг дарга, сумдын статистикийн асуудал хариуцсан ажилтнуудын сургалт эхэллээ
6 сар өмнө


Үндэсний Статистикийн хорооноос 2017 оны үйл ажиллагааны төлөвлөгөөндөө статистикийн хүний нөөцийн чадавхыг бэхжүүлэх зорилтын хүрээнд 21 аймгийн 330 сумын статистикийн асуудал хариуцсан ажилтнууд, багийн Засаг дарга нарт статистикийн мэдлэг, ур чадварыг олгох сургалтыг улсын хэмжээнд зохион байгуулахаар төлөвлөжээ. Энэ дагуу өнөөдөр Сайншанд хотноо Дорноговь болон Говьсүмбэр аймгийн багийн засаг дарга, сумдын статистикийн асуудал хариуцсан ажилтнуудын сургалт эхэллээ.

Сургалтанд 100 гаруй төлөөлөгч оролцож байгаа ба “Статистикийн салбарын хууль, эрх зүйн орчин, үйл ажиллагаа”, “Багийн Засаг дарга, сумын статистикийн асуудал хариуцсан ажилтны статистикийн мэдээг гаргахад гүйцэтгэх үүрэг” “Хүн ам, өрхийн мэдээллийн сан, Мал тооллогын мэдээллийн сан, түүний зорилго, хэрэглээ”, “Эдийн засгийн салбаруудын мэдээ тайланг гаргахад анхаарах асуудал”, “Өрхөд суурилсан судалгааны мэдээллийн чанар, анхаарах асуудал”, “Статистикийн мэдээллийг ашиглаж танилцуулга бэлтгэх, анхаарах асуудал”, “Дэлхийн болон үндэсний түвшний хөгжлийн бодлогын баримт бичгүүд, түүнд статистикийн байгууллагын оролцоо” сэдвээр эхний өдөр мэдээлэл хийж байгаа юм.

Сургалт 2 өдөр үргэлжилнэ. Энэхүү сургалтаар сумдын Багийн дарга нар анхан шатны мэдээллийг дамжуулах, ашиглах , танилцуулга бэлтгэх чадвар эзэмшихээс гадна Хүн амын мэдээллийн сан, Мал тооллогын мэдээллийн санга амжилттай хөтлөн явуулах боломж бүрдэх юм байна. Мөн сургалтын төгсгөлд оролцогчдод сертификат гардуулах аж.