​БУГАТ ХОТ БОЛОН ДАРХАН МУУ МЯНГАН ХОЛБООТ ХОШУУНЫ ЭРҮҮЛ МЭНДИЙН БАЙГУУЛЛАГУУДТАЙ ХАМТАРЧ АЖИЛЛАНА
8 сар, 1 долоо хоног өмнө

ӨМӨЗО-ны Бугат болон Дархан Муу Мянган холбоот хошуугаар Аймгийн засаг дарга Т.Энхтүвшин тэргүүтэй албаны хүмүүс энэ сарын 15-17-ны өдрүүдэд ажлын айлчлал хийсэн. Айлчлалын бүрэлдэхүүнд Аймгийн Эрүүл мэндийн газрын дарга Г.Энхцэцэг багтаж Бугат хот болон Дархан Муу Мянган холбоот хошууны эмнэлгийн үйл ажиллагаатай танилцсан юм.


Бугат хотын хувьд 3 сая хүнтэй. Иймээс ч улсын зэрэглэлийн 4 эмнэлэг байдаг бөгөөд эмнэлгийн хүчин чадал өндөр гэдгийг онцолж байсан. Аймгийн Эрүүл мэндийн газрын дарга Г.Энхцэцэг тэргүүтэй албаныхан эхний өдөр Бугат хотын улсын гуравдугаар зэрэглэлийн эмнэлэг болох Монгол Хятадын эмнэлгийн хороотой танилцсан. Тус эмнэлэгт эрхтэн шилжүүлэн суулгах хагалгааг хийгээд 20 жил болж байгаа гэдгийг танилцуулгын үеэр онцолсон.


Харин гуравдугаар сарын 17-ны өдөр тэрээр Дархан Муу мянган холбоот хошууны Монгол Эм Эмнэлгийн хороотой танилцсан. Тус эмнэлгийн хувьд уламжлалт анагаах ухаанаар эмчилгээ хийдгээрээ онцлогтойгоос гадна дэргэдээ лаборатори, эмийн үйлдвэртэй гэдгийг онцолж байсан юм.


Аймгийн Эрүүл мэндийн газрын дарга Г.Энхцэцэгээс дээрх эмнэлгүүдтэй хэрхэн хамтарч ажиллах талаар тодруулахад “Эмч мэргэжилтнүүдээ туршлага судлуулах, эмнэлгийн үйл ажиллагаа, зохион байгуулалт, халдвар хамгааллын дэглэм, эмчилгээ үйлчилгээний төрөл, дэвшилтэт технологийг хэрхэн ашиглаж байгаа зэргийг дээрх эмнэлгүүдээс туршлага судалж болохоор байна. Ялангуяа нарийн мэргэжлийн эмч нарыг сургаж дадлагажуулах, Дархан Муу Мянган холбоот хошууны уламжлалт монгол эмнэлгийн эмч нарыг авчирч сумдын иргэдэд үйлчилгээ үзүүлэх, хил залгаа сумдын эрүүл мэндийн төвүүдэд хөрөнгө оруулалт, тохижилтонд хамтарч ажиллах боломж байна” гэдгийг онцоллоо.