​ГХУСАЗСЗ-ИЙН ХУРАЛДААН БОЛОВ
6 сар өмнө


Өнөөдөр аймгийн ИТХ-ын дэргэдэх Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөл хуралдлаа. Хуралдаанаар Орон нутгийн 2017 оны төсвийн нэмэлт өөрчлөлтөд гэмт хэргээс урьдчилан сэргийлэх үйл ажиллагаанд шаардагдах зардлыг батлуулсан талаарх илтгэл мэдээлэл, аймгийн хэмжээнд эхний таван сарын байдлаар үйлдэгдэж буй гэмт хэрэг, зөрчлийн мэдээлэл, Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөлийн энэ онд хийж хэрэгжүүлэх үйл ажиллагааны төлөвлөгөөний дагуу хийгдэж буй ажлуудын талаарх мэдээллийг салбар зөвлөлийн гишүүд хүргэсэн юм.







Мөн аймгийн хэмжээнд босоо тэнхлэгийн авто зам дагуу зам тээврийн осол ихсэх хандлагатай байгаа учраас аймгийн Цагдаагийн газраас “Замын хөдөлгөөний хөтөлбөр” боловсруулах санаачилгыг гаргасан. ИТХ-ын дарга бөгөөд Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөлийн дарга С.Түмэнбаяр “Хөтөлбөр батлах нэг хэрэг. Харин хөтөлбөр амьдралд хэрэгжихүй, бодит үр дүн гарахад чиглэсэн байх учиртай. Иймд хөтөлбөр боловсруулах ажлын хэсэгт бүх талын оролцоог ханган саналыг тусгаж ажиллаарай” гэдгийг онцолсон юм. Хуралдааны төгсгөлд шинээр батлагдан гарч буй хууль тогтоомжийг сурталчлах сургалт зохион байгуулахад дэмжлэг үзүүлж 1,3 сая төгрөгийг зардлыг гаргах тогтоолыг баталлаа.