ГЭРЭЛТҮҮЛЭГ ШИНЭЧЛЭХ АЖИЛ ЭНЭ САРЫН 25-НААС ЭХЭЛНЭ
4 сар, 1 долоо хоног өмнө


Дорноговь аймаг 2017 оныг их бүтээн байгуулалтын жил болгон зарласан. Энэ ажлын хүрээнд гадаад дотоодын хөрөнгө оруулалтыг дэмжих мөн хөрш зэргэлдээ БНХАУ-ын Эрээн хот, Бугат хот, ОХУ-ын Эрхүү хот, Солонгос, Япон зэрэг найрамдалт хамтын ажиллагаатай улсынхаа бүтээн байгуулалтыг орон нутаг руугаа чиглүүлэх зорилготой ажиллаж байгаа билээ. Үүнтэй холбогдуулан өнгөрөгч дөрөвдүгээр сард БНХАУ-ын ӨМӨЗО-ны Эрээн хотын дарга Тянь Юн тэргүүтэй төлөөлөгчид Дорноговь аймагт ажлын айлчлал хийж Дорноговь аймагт аялал жуулчлалын чиглэлийг хөгжүүлэхэд зориулж хоёр ширхэг 72м2 бүхий био ариун цэврийн өрөө, “Алтан говь” худалдааны төвийн урд талын талбайг тохижуулах 500 сая төгрөг, хүн эмнэлгийн үүдний засвар, хүлээлгийн өрөөг 79 сая төгрөг, Сайншанд сумын төв дагуух 165 гэрэлтүүлгийг иж бүрэн солих, нүдний болор солиулах шаардлагатай байгаа иргэдийг Бээжин, Хөх хотын туршлагатай эмч нарын баг урьж авчиран үнэ төлбөргүй эмчлүүлэх зэрэг нийт 1 тэрбум гаруй төгрөгийн буцалтгүй дэмжлэгийг үзүүлэхээр болж хамтран ажиллах гэрээ байгуулсан юм. Энэ дагуу төв гэрэлтүүлгийг солих ажил энэ сарын 25-наас эхлэхээр болжээ. Гэрэлтүүлгийн ажил Ар шандын гурван замын уулзвараас төв зам дагуу 4 замын уулзвар, үүнээс зүүн тийш Тээвэр авто замын газар, баруун тийш “Му мusic” хүртэл хийгдэх ажээ.