“ГҮН ЦЭНХЭР ОГТОРГУЙ” НОМЫН НЭЭЛТ БОЛОВ
5 сар, 3 долоо хоног өмнө

1980-аад оноос уран бүтээлээ туурвиж эхэлсэн яруу найрагч Ө.Отгон “Гүн цэнхэр огторгуй” анхны уран бүтээлийн түүврээ өлгийдөн авлаа. Тус уран бүтээлийн түүвэр “Гүн цэнхэр огторгуй”, “Бодлын долоон өнгө”, “Сэтгэлийн гурван бурхан” хэмээх гурван бүлэгтэй бөгөөд шүлэг, өгүүллэг, дурсамж дурдатгалаас бүрджээ. Өнөөдөр Аймгийн МССТ-д “Гүн цэнхэр огторгуй” номын нээлт боллоо. Номын нээлтэнд МЗЭ-ийн “Хурмаст тэнгэр” төвийн яруу найрагчид болон яруу найрагч Ө.Отгоны ойр дотныхон оролцсон байна. Ө.Отгоны хувьд одоогоор Хөвсгөл суманд уран бүтээлээ туурвин ажиллаж амьдарч буй аж. Уншигч та бүхэндээ Ө.Отгоны уран бүтээлийн дээжээс хүргэж байна.

АМЬДЫН ДУУЛАЛ

Бодлын цагаан үүлс дээгүүр хөвнө

Болгоомж, болчимгүй хоёр миний сэтгэлд эргэцнэ

Тэнгэр газрын савслага тэртээд салж нийлнэ

Тэнэмэл бодлын минь утга тэнд очиж холилдоно

Дөрвөн зүг найман зовхис ийш тийшээ цэлийнэ

Дөнгөж саяхан уулзсан мөртөө чамайг би үгүйлнэ

Наран жаргалтайгаар ээж хүсэл бүхнийг ивээнэ

Ная хүрсэн буурал бодлоо чагнан сууна

Сураг нь алдраагүй он жилүүдийн тоос үл арилна

Суу билэгт өвгөдийн минь түүхийг зураглана

Цуутын цагаагч гүүний унага чавхдан давхина

Цуурхал биш үлгэр домог үнэнээ энд тайлна

Цугларч ирсэн, цуварч явдгийг сануулна

Харгуй замыг ширтэн би бодолд автана

Хаа хүрдгийг нь мэдэх гэж адгаж яарна

Нүдээ анихад өнгө өнгийн цацраг тодорно

Нүүдэл сэлгэн өөр газар очсоноор төсөөлнө

Гүн цэнхэр огторгуйг би ширтэн зогсоно

Гүйдлийн хөх салхи нүүрийг минь илбэнэ

Ганган цагаан үүлс богинохон заяаг сануулахад

Газар дэлхий дээрээ би болох бүхэн рүү тэмүүлнэ