​Г.МӨНХЗАЯА: СҮҮЛИЙН ҮЕД РЕАЛИСТ ЧИГЛЭЛЭЭР УРАН БҮТЭЭЛЭЭ ХИЙЖ БАЙНА
2 сар, 3 долоо хоног өмнө


Хүн хичээвэл ямар ч зүйлийг сурч болдгийн жишээ болсон залуу уран бүтээлч Содон ярилцлагын хойморт уригдлаа.Тэрээр зураач мэргэжилтэй ч хоёрхон чавхдаст морин хуураар хорвоог аргадан уянгалуулж хангай дэлхийгээ магтан ерөөнө, уран бийрийн хөдөлгөөнөөр үндэсний бичгээ амилуулна гээд дурдаад байвал түүнд олон чадвар бий. Естой л нөгөө “элдэвтэй” нэгэнтэй энэ удаа ярилцлаа. Тэр хүн бол МСҮТ-ийн Гар урлалын ангийн багш, зураач Г.Мөнхзаяа юм.

Чиний хувьд морин хуур тоглодог, ерөөл магтаал хэлдэг, үндэсний бөхийн засуул, уран бичээч, зураач гээд маш олон төрлийн авьяастай, олон зүйлийг оролддог юм байна. Гэхдээ мэргэжил чинь зураач. Яагаад зураач мэргэжлийг сонгох болов?

Багаасаа л зурж бичдэг байсан. Сургуульд байхдаа нэг дэвтэр дээр янз бүрийн юм зураад суудаг байлаа. Ерөнхий боловсролын сургуулиа төгсч байхад МСҮТ-д Дүрслэх урлагийн анги шинээр нээгдэж байгаа тухай сонссон. Багаасаа зурах сонирхолтой байсан учир шууд л дүрслэх урлагийн ангид орсон. МСҮТ-ийг төгсөөд үргэлжлүүлэн СУИС-ийн Дүрслэх урлагийн сургуульд зураач мэргэжлээр сурч төгссөн. Төгсч ирээд л МСҮТ-дөө багшилж эхэлсэн дээ.

Хичээлийн цагаар дэвтэр дээр зураг зураад байхаар багш нар их дургүйцнэ биз?

Багын л морь зурах сонирхолтой хүүхэд байсан. Сургуульд ороогүй үсэг мэддэггүй байхдаа “м” үсгийг морины чих үсэг гэдэг байсан. Тэгэхээр багаасаа л зурж эхэлсэн байгаа юм.

Бүтээл туурвил хийхэд урлан маш чухал байдаг. Бүтээл туурвил хийх дадал, хэв маягийн тухай өөрийн бодлоо хуваалцаач?

Урлан бол уран бүтээлч хүний салшгүй нэг хэсэг. Уран бүтээлч урлангүйгээр хэзээ ч оршин тогтнохгүй гэж хэлж болно. МСҮТ-д багшилж эхэлснээсээ хойш гэхээр 9 жил шахуу энэ ангидаа бүтээл туурвилаа хийж байна.

Ямар урсгал чиглэлээр уран бүтээлээ туурвидаг вэ?

Сүүлийн үед би реалист буюу бодит чиглэлийн уран бүтээлийг түлхүү сонирхон зурж байгаа. Өмнө нь оюутны дипломын ажлаа абстракт чиглэлээр “Тэнгэрийн аялгуу” гээд цуврал бүтээл хийж байсан. Гэхдээ сүүлийн үед реалист зураг орхигдож байгаа гэж хэлж болно. Маш олон төрлийн урсгал, чиглэл гарч ирж байгаатай холбоотойгоор зарим уран бүтээлчид реалист зургийг зурж чадахгүй ч юмуу, ямар нэгэн шалтгаанаар орхигдуулж, няцаах маягтай ханддаг болсон.


Нэг үеэ бодвол залуучууд үндэсний бичиг соёлоо сурах, хэрэглэх гэсэн хандлага нэмэгдэж байна. Зураач учраас уран бичлэг сурахад дөхөм байсан болов уу?

Тэгэлгүй яахав. 2013 оны өвлөөс бэх, бийр аваад уран бичлэг оролдож эхэлсэн. Манай багш Очирбатын Энхтайван уран бичлэгээр бичдэг байсан. Багш маань намайг их дэмждэг. Японоос бийр хүртэл авчирч өгч байлаа. Би түүнд нь хичээж эхэлсэн.

Уран бичлэгийн захиалга их ирдэг үү. Манай аймагт уран бичлэгээр бичдэг хүмүүс хэр олон байдаг вэ?

Ер нь гайгүй захиалга ирнэ. Уран бичлэгээр бичдэг хоёр гурван хүн бий. Театрын зураач Эрдэнэбаатар, Цэвэгсүрэн гээд бүсгүй байгаа. Бид гурав хамтраад өнгөрсөн оны 11-р сард уран бичлэгийн үзэсгэлэн гаргасан. Ер нь хүмүүс үндэсний бичгээ сурахыг маш их эрмэлздэг болсон учир цаашдаа уран бичлэгээр бичдэг хүмүүс нэмэгдэх байх гэж боддог.

Уран бичлэгээр бичихэд юуг анхаарахаар санагдсан бэ?

Уран бичлэгээр бичиж байгаа бол хамгийн гол нь зөв бичих хэрэгтэй. Анхлан суралцаж буй хүмүүс шууд л гоё бичнэ гэж боддог. Маш олон дадлага, уйгагүй хөдөлмөрийн үр дүнд л уран бичиж сурна.

Уран бүтээлч хүнд онгод гэж байдаг. Ямар үед бүтээл хийх сэдэл, онгод бий болдог вэ?

Миний хувьд бусад хүмүүс шиг онгод орно гэсэн юм байдаггүй. Зурмаар санагдсан үеийг л онгод орно гэх юм болов уу/инээв/. Яг тодорхой хугацаа гэх юм байхгүй.

Өөрийн чинь хувьд Монголын урчуудын эвлэлийн гишүүн, зураач Халзан багшийн шавь. Багштайгаа хамтраад уран бүтээлийн үзэсгэлэн гаргаж байсан. Хэзээнээс багш шавь болов?

Багштайгаа хамт үзэсгэлэн гаргаж байсан. МСҮТ-ийн Дүрслэх урлагийн анги нээгдсэний дараахан 2008 онд Халзан багшийн шавь болж байлаа. Багшаасаа их зүйлийг сурсан шүү.




Урлан дахь зургуудыг чинь хараад байхад морины зураг их байна. Багын л морь зурах дуртай байсан нь одоо ч хэвээрээ юм шиг байна. Морь малтай ойрхон өссөн үү?

Багаасаа л хурдан морь унаж хааяа нэг айраг, түрүү хүртэж байсан. Манай өвөө Алдарт нэгдэл зээрдийг уяж байсан Монгол улсын алдарт уяач, Дэлгэрэх сумын Нямбуу гэж хүн байсан. Тиймдээ ч моринд хайртай өссөн. Би одоо ихэвчлэн алаг морь л зурчихаад байдаг. Алаг морь зурахад их сонирхолтой байдаг. Нэг зүсмийн морь зурсан ч хэзээний л халзан юмуу сартай болгочихдог.

Дорноговийн уяачдын уясан морьд сүүлийн жилүүдэд улс, бүсийн наадмаас айраг түрүү хүртдэг болсон. Уяачдаас өөрсдийн хурдан морьдоо зуруулах захиалга ирдэг байх. Хамгийн сүлд ямар хурдан хүлгийг зурав?

Улсын наадамд түрүүлж байсан Дэлгэрэх сумаас гаралтай “Дэлгэр хээр”-ийг зурсан. Дараа нь Хатанбулаг сумаас гаралтай хурдан алаг азаргыг зурсан.

Хоёрхон чавхдаст морин хуураар хорвоо дэлхийг аргадан уянгалуулдаг. Мөн хангай дэлхийгээ магтан ерөөдөг. Хэдийнээс хуур тоглож, ерөөл магтаал унших болов?

Ерөнхий боловсролын сургуульд байхдаа урлагийн үзлэгт гэрийн ерөөл цээжлээд ордог байсан. 2006 онд ерөөлч, магтаалч Чулуунбаатар багштай танилцаж багш, шавь болсон. Тэр үеэс л аялгуут магтаал цээжилж уншиж эхэлсэн дээ. Одоо завтай үедээ багшийнхаа бүтээлүүдийг сурч байна. Өнгөрсөн жил “Соёлын өв тээгчид”-ийн тоглолтыг Ерөнхий боловсролын сургуулиудад хийсэн. Тэрхүү тоглолтод Хөхөө Намжилын домгийг уншиж оролцсон.

Энэ жил ямар зорилгыг өөртөө тавьсан байгаа вэ?

Энэ жилийн хувьд бүтээлийн үзэсгэлэн гаргахаар төлөвлөж байна. Мөн шавь нар маань энэ жил төгсөх учраас тэд нарыгаа нилээн сайн чамбай төгсгөчих юмсан гэж бодож байнадаа.

Залуучуудад хандаж юу гэж уриалах вэ?

Хүсэл мөрөөдөлдөө үнэнч байгаарай. Түүнийхээ төлөө хичээж зүтгэвэл болохгүй бүтэхгүй зүйл гэж байхгүй байх. Тиймээс хүсэл мөрөөдөл, зорилгодоо үнэнч байгаарай.

Ярилцсан баярлалаа. Амжилт хүсье.

Баярлалаа.

Ярилцсан: П.Нямцэцэг