Г.Мөнхцэцэг: Гурав болон түүнээс дээш хүүхэдтэй өрх толгойлсон эцэг, эхэд улиралд 240 мянган төгрөгийн тэтгэмж олгоно
3 сар, 2 долоо хоног өмнө

Засгийн газраас өргөн мэдүүлсэн Эх, олон хүүхэдтэй өрх толгойлсон эцэг, эхэд тэтгэмж олгох тухай хуулийн төслийг өнгөрсөн пүрэв гаригийн УИХ-ын нэгдсэн чуулганаар хэлэлцэж баталсан. Хуулийн төслийн зарим заалт, хэрэгжилтийн талаар ажлын хэсгийн ахлагч, УИХ-ын гишүүн Г.Мөнхцэцэгээс тодрууллаа.

-Эх, олон хүүхэдтэй өрх толгойлсон эцэг, эхэд тэтгэмж олгох тухай хуулийг санаачилж, батлах гол зорилго нь юу байв?

-Хөдөлмөрийн тухай хуульд ажил олгогч 0-3 насны хүүхэдтэй эцэг, эхэд хүүхэд асрах чөлөө олгож, ажлын байр хадгалах зохицуулалттай.Харин хүүхэд асрах хугацааны цалин болон амьжиргааг дэмжих тэтгэмж олгодоггүй. Өрхийн амьжиргааны төвшин тогтоох судалгааны дүнгээр манай улсад хүүхэдтэй 531.1 мянган эх байгаа бөгөөд тэдний 72.8 хувь нь 1-2 хүүхэдтэй байна. Иймд хүн амын өсөлт, олон хүүхэдтэй өрхийн амьжиргааг дэмжих зайлшгүй шаардлага байгаа учир хуулийн төслийг боловсруулсан. Манай улсад олон хүүхэдтэй өрх толгойлсон эх, эцгийн амьжиргааг дэмжих тэтгэмжийн хэмжээ бага, хууль эрх зүйн зохицуулалт хангалтгүй байна гэж төсөл санаачлагчид үзсэн. 0-16 хүртэлх насны хүүхэдтэй нийт өрхийн 16 орчим хувийг өрх толгойлсон ганц бие эх, эцэг эзэлж байна.

-Хуулийг хэрэгжүүлэхэд жилд хэдэн төгрөг төсөвлөж байгаа юм. Хуулийг хэзээнээс хэрэгжүүлэх вэ?

-Нийгмийн халамжийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуульд өрх толгойлсон эцэг, эхтэй хүүхдэд дүрэмт хувцас, сурах бичиг, хичээлийн хэрэглэл олгох, өрх толгойлсон эцэг, эхийн ажил хөдөлмөр эрхлэх боломжийг нэмэгдүүлэх зорилгоор хүүхдийг нь өдрийн үйлчилгээнд хамруулах асуудлыг тусгасан. Энэ хуулийг хэрэгжүүлэхэд жилд 72.4 тэрбум төгрөг зарцуулахаар тооцсон. Энэ жилийн төсөвт тусгах боломжгүй тул хуулийн хэрэгжих хугацааг 2018 он байхаар тусгасан.

-Тэтгэмжийн заалтуудыг тодруулна уу?

-Хуульд дөрөв хүртэлх насны ихэр хүүхдэд жилд нэг удаа, жирэмсэн эхэд таван сартайгаас эхлэн төрөх хүртэл хугацаанд тэтгэмж олгох, 0-3 хүртэлх насны хүүхэдтэй эхэд хүүхэд асарсны тэтгэмжийг cap бүр олгох, гурав болон түүнээс дээш хүүхэдтэй өрх толгойлсон эцэг, эхэд улирал бүр тэтгэмж олгох зохицуулалтыг тусгасан. Дөрөв хүртлэх насны хоёр ихэр хүүхэд тус бүрд нэг удаа нэг сая, гурав ба түүнээс дээш дөрөв хүртэлх насны ихэр хүүхэд тус бүр гурван сая төгрөг олгоно. Эхэд жирэмсний таван сартайгаас төрөх хүртэл хугацаанд сар бүр 40 мянган төгрөгийн тэтгэмж олгоно. Үүнд жилд дунджаар 92 мянган эх хамрагдана. 0-3 хүртлэх насны хүүхдээ асарч байгаа эхэд сар бүр 50 мянган төгрөгийн тэтгэмж олгож, 135 мянган эхийг хамруулна. Гурав болон түүнээс дээш хүүхэдтэй өрх толгойлсон эцэг, эхэд улирал бүр хөдөлмөрийн хөлсний доод хэмжээтэй тэнцэх буюу 240 мянган төгрөгийн тэтгэмж олгоно. Энэ тэтгэмжид 16.5 мянган эхийг хамруулна.

-Өрх толгойлсон эцэг, эхэд мөнгөн тэтгэмж олгосноор гэр бүл салалт олшрох вий гэсэн болгоомжлол нийгэмд байх шиг байна. Үүнд ямар тайлбар хэлэх вэ?

-Амьдрал “баян” шүү дээ. 240 мянган төгрөгийн төлөө салдаг гэр бүл гэж байхгүй болов уу. Дийлэнх өрх толгойлсон эцэг, эхийн хувьд эхнэр, нөхөр нь өөд болсон хүмүүс байгаа. Олон хүүхэдтэй ганц бие эх, эцгийн хувьд хөдөлмөр эрхлэх боломж хязгаарлагдмал, орлогын эх үүсвэр багатай, олсон орлого нь өрхийн амьжиргаанд хүрэлцээ муутай байдаг. Үүнээс болоод үр хүүхдээ эрүүл өсгөн бойжуулах, боловсрол, эрүүл мэндийн үйлчилгээнд бүрэн хамруулахад хүндрэлтэй нөхцөл байдал бий болдог. Эдгээр хүндрэлээс шалтгаалан хүүхэд хараа хяналтаас гарах, хүчирхийлэл, дарамтад өртөх, хүнд хүчир хөдөлмөр эрхлэх зэргээр эрх нь зөрчигдөх тохиолдол гарсаар байна.

Эх сурвалж: Erennews.mn