ДААМЫН АЗИЙН ӨСВӨРИЙН АВАРГУУДЫГ ХҮЛЭЭН АВЧ УУЛЗАВ
6 сар, 3 долоо хоног өмнө


Дорноговь аймгийн өсвөрийн даамчдаас энэ жилийн даамын Ази тивийн аварга шалгаруулах тэмцээнд Б.Мөнх-Эрдэнэ, Г.Шинэсаран, О.Тэмүүлэн нар оролцсон. Энэ сарын 20-28-ны өдрүүдэд Узбекстаны нийслэл Ташкент хотноо болсон тус тэмцээн 100 буудалт даамын үндсэн, блиц, рапид гэсэн төрлөөр зохион байгуулагдсан бөгөөд Б.Мөнх-Эрдэнэ 1 алт, 2 мөнгө, Г.Шинэсаран 2 алт, нэг хүрэл медаль хүртэж Дорноговийн өсвөрийн даамчдын амжилтын буухиаг үргэлжлүүлсэн юм. Өнөөдөр Ази тивийн аварга өсвөрийн даамчид, дасгалжуулагчийг УИХ-ын гишүүн Б.Дэлгэрсайхан, Аймгийн Засаг дарга Т.Энхтүвшин нар хүлээн авч уулзаж Аймгийн Засаг даргын Жуух бичиг болон Нутгийн зөвлөлийн мөнгөн шагналаар шагнаж урамшууллаа. Дашрамд дурдахад өнөөдрийн байдлаар Дорноговь аймгийн өсвөрийн даамчид Даамын Дэлхийн аваргаас гурван алт, Ази тивийн аварга шалгаруулах тэмцээнээс 18 алтан медаль хүртсэн бахдам амжилттай байгаа юм.