ДААМЫН ТАМИРЧИД БЭЛТГЭЛИЙН ТАНХИМТАЙ БОЛЛОО
6 сар, 3 долоо хоног өмнө

Дорноговь аймагт 1960-аад оноос Анагаах ухааны дунд сургууль/одоогийн АШУҮИС-ийн Дорноговь дахь салбар/-д даамын спорт хөгжиж эхэлсэн байдаг. Улмаар 1986 онд даамын УАШТ-нээс н.Дорждэрэм Дорноговийн анхны медаль хүртсэн бол 1987 онд даамын спортын мастер н.Ганзориг 100 буудалт даамын Улсын аварга болсоноор Дорноговийн даамчдын амжилтын буухиа эхэлсэн байдаг. Энэ л эхлүүлсэн амжилтын буухиа өнөөдөр ч үргэлжилсээр гурван Даамын Дэлхийн аваргатай болж Ази тивийн аваргын 18 алт болон мөн тооны мөнгө, хүрэл медалийг Дорноговийн даамчид хүртээд байна. Эдгээр амжилт бол Дорноговь аймгийн даамын спортын дасгалжуулагч, Спортын мастер Ш.Өвгөн багштай салшгүй холбоотой юм. Тэгвэл өнөөдөр Дорноговь аймгийн даамын холбоо өөрсдийн гэсэн бэлтгэлийн танхимтай болж нээлтээ хийлээ. Энэхүү танхимыг даамын спортыг орон нутагт хөгжүүлэхэд өөрийн амьдрал, сэтгэл оюунаа харамгүй зориулж байгаа дасгалжуулагч, Спортын мастер Ш.Өвгөний нэрэмжит болгож байгаа аж.





Аймгийн Даамын холбооноос бэлтгэлийн танхимтай болгох хүсэлтийг Сайшанд сумын Ерөнхий Боловсролын 1-р сургуульд тавьснаар ийнхүү шийдэж өгсөн байна. Нээлтийн үйл ажиллагаанд Аймгийн ИТХ-ын дарга С.Түмэнбаяр, Аймгийн ИТХ-ын төлөөлөгч, Аймгийн Даамын холбооны тэргүүн Н.Бүрэнбат, Ерөнхий боловсролын 1-р сургуулийн захирал н.Зориг-Эрдэнэ, Дорноговь аймгийн даамын спортын дасгалжуулагч, Спортын мастер Ш.Өвгөн болон тив, дэлхийн аваргын медальт даамчид, эцэг эхийн төлөөлөл оролцлоо.







Өсвөрийн даамчид бэлтгэлийн өрөөтэй болсноор тэмцээн уралдаандаа бэлтгэх таатай нөхцөл бүрдэж байгаад баяртай байгаагаа ярьж байсан юм. Мөн ирэх 10-р сард Польшийн нийслэл Варшав хотноо болох Дэлхийн аварга шалгаруулах даамын тэмцээнд Дорноговийн өсвөрийн даамчдаас 14-16 насны эрэгтэй ангилалд даамын спортын мастер Ц.Чинзориг, эмэгтэй ангилалд спортын мастер С.Энхтүвшин, 11-13 насны ангилалд Дэлхийн даамын холбооны дэд мастер Э.Үйлстөгөлдөр, 5-7 насны ангилалд У.Гансувд нар Монгол улсаа төлөөлөн оролцохоор болоод байгаа аж.