​ДАЛАНЖАРГАЛАН СУМАНД ХӨХ ЦАВЫН ЦЕМЕНТИЙН ҮЙЛДВЭР АШИГЛАЛТАД ОРЛОО
6 сар, 1 долоо хоног өмнө


Даланжаргалан сумын нутаг Хөх цавын элс, хайрга, гөлтгөнө, шохойны орд газрууд дээр түшиглэн байгуулсан МАК компаний “МАК-Евро цемент” үйлдвэр энэ сарын 9-ны өдөр ашиглалтад орлоо. Нээлтийн үйл ажиллагаанд Монгол Улсын Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат, УИХ-ын гишүүн, Хөдөлмөр Нийгмийн хамгааллын сайд Н.Номтойбаяр, МАК ХХК-ийн ерөнхийлөгч Б.Нямтайшир болон гадаад дотоодын хөрөнгө оруулагч, зочид төлөөлөгчид оролцлоо. Харин Дорноговь аймгаас Аймгийн Засаг даргын орлогч Г.Эрдэнэцэцэг, Аймгийн Засаг даргын тамгын газрын ХОХБТХ-ийн мэргэжилтэн н.Цэнд-Аюуш, МСҮТ-ийн захирал Б.Адилбиш нар оролцсон юм. “Монгол улс жилдээ хоёр сая тонноос илүү цемент хэрэглэж байгаа энэ үед импортыг орлож, дэлхийн стандартын шаардлага хангасан бүтээгдэхүүн гаргах нь нэн тэргүүний ач холбогдолтой”-г Монгол Улсын Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат нээлтийн үйл ажиллагаан үеэр хэлсэн үгэндээ онцоллоо.

“МАК-Евро цемент” үйлдвэр нь өргөн хэрэглээний цементээс гадна ус, шүлтлэг орчинд тэсвэртэй цемент ч үйлдвэрлэх юм. Усанд тэсвэртэй цементийг далан, гүүр барихад ашигладаг бол шүлтлэг орчинд тэсвэртэйг гүний уурхай, хонгил барихад хэрэглэдэг байна.

Үйлдвэр ашиглалтад орсноор 900 орчим ажлын байр шинээр бий болохын зэрэгцээ жилд 35 тэрбум төгрөгийн татвар төлж, 70-75 сая ам.доллартай тэнцэх хэмжээний импортыг орлоно гэж тооцоолжээ. Үйлдвэрийн бүтээн байгуулалтын хүрээнд төмөр замын Олон-Овоот өртөөнөөс 1.9 км төмөр зам татаж, Чойр хотоос цахилгаан дамжуулах 65 км урт агаарын шугам татан, дэд станц байгуулсан байна.

Өнгөрөгч нэгдүгээр сард Дорноговь аймгийн Засаг дарга Т.Энхтүвшин, “Монголын Алт” (МАК) ХХК-ий дэд ерөнхийлөгч Б.Энхмандах нар нийгмийн хариуцлагын хүрээнд хамтран ажиллах гэрээнд гарын үсэг зурсан. Гэрээний дагуу “Монголын Алт” (МАК) ХХК “Хөх цавын Цемент-Шохойн үйлдвэр”-ийн ажиллах хүчнийг орон нутагт бэлтгэн сонгон шалгаруулж 150 гаруй ажлын байраар хангаад байгаа юм. Мөн тус гэрээний хүрээнд үйлдвэрийн “Ажиллагсдын хотхон”-ыг Даланжаргалан сумыг түшиглэн байгуулахаар төлөвлөж байгаа аж.