ДОРНОГОВЬ АЙМАГ БНХАУ-ЫН ЭРЭЭН ХОТТОЙ ХАМТРАН АЖИЛЛАХААР БОЛЛОО
10 сар, 1 долоо хоног өмнө

Дорноговь аймаг БНХАУ-тай 600 км-ээр хиллэдэг. Өнөөдрийн байдлаар Замын-Үүд, Ханги-Мандалын хилийн боомтууд байнгын үйл ажиллагаа явуулж байна. Аялал жуулчлал, эрдэс баялаг, гадаадын хөрөнгө оруулалтыг татах замаар Дорноговь аймаг ирэх жилүүдэд хөгжинө хэмээн зорилтоо тавиад байгаа юм. Энэ ажлын хүрээнд аймгийн Засаг дарга Т.Энхтүвшин болон аймгийн Засаг даргын дэргэдэх харьяа агентлагууд, сумдын төлөөлөгчид 2017 оны 01 дүгээр сарын 12, 13-ны өдрүүдэд БНХАУ-ын Эрээн хотод айлчилж, ажлын туршлага солилцоод ирлээ.

Айлчлалын үеэр Дорноговь аймаг, БНХАУ-ын Эрээн хотын төлөөлөгчид хамтарсан уулзалтыг зохион байгуулж, уулзалтаар БНХАУ-ын Эрээн хот болоод Дорноговь аймгийн хөгжлийг ижил түвшинд аваачих, хоорондын хамтын ажиллагааг өргөжүүлэн тэлэх талаар харилцан санал солилцож, уулзалтын төгсгөлд Дорноговь аймгийн Засаг дарга Т.Энхтүвшин, БНХАУ-ын Эрээн хотын Засаг дарга Тянь Юн нар хамтран ажиллах санамж бичигт гарын үсэг зурсан юм.


Хамтран ажиллах санамж бичгийн гол зорилт нь Монгол улс, БНХАУ-ын дипломат харилцаа “...Монгол Хятад Оросын Эдийн Засийн Коридорын Төлөвлөгөөт хөтөлбөр” болон талуудын найрсаг хамтын ажиллагааны хүрээнд эдийн засаг, худалдааны салбарт явуулж буй үйл ажиллагаануудыг эрчимжүүлэх, хил орчмын аялал жуулчлалыг хөгжүүлэх, соёл урлаг, спорт, эрүүл мэндийн салбаруудын харилцааг өргөтгөх, уул уурхай болон хөдөө аж ахуйн бүтээгдэхүүний экспорт, импортыг нэмэгдүүлэн харилцан ашигтай хамтран ажиллах юм.

Энэ үеэр Эрээн хотын Засаг дарга Тянь Юн “...Зөвхөн 2016 онд Хятадын жуулчид 100 сая хол давсан бөгөөд гадаадад 700 тэрбум ам.доллараар худалдаа хийсэн гэсэн тоо баримт байна. Мөн БНХАУ-ын Эрээн хот нь ӨМӨЗО-ны аялал жуулчлалыг хөгжүүлэгч 5 томын хотын нэг болсоныг дуулгахад таатай байна...” хэмээн онцолж байлаа.


Дорноговь аймгийн засаг дарга Т.Энхтүвшин:

Хамтын ажиллагааны санамж бичиг байгуулах бэлтгэл ажил хэзээнээс эхэлсэн бэ? Та бүхний төлөвлөсөн хэмжээнд гэрээ зурагдаж чадсан уу?

Гэрээ санасан хэмжээнд боллоо хэмээн дүгнэж байна. Ерөнхийдөө нэг сарын өмнөөс гэрээний талаар санал бодлоо солилцон бэлтгэж эхлэсэн. Үүний үр дүнд арван том ажилд хамтран ажиллах асуудлыг багтаалаа. Хамгийн чухал ажил бол 2017 онд Замын-Үүд сумын “Чөлөөт бүс”-ийг эрчимжүүлж, бүтээн байгуулалтын ажлыг эхлүүлэхээр ярьж тохирлоо. Түүнчлэн Дорноговь аймгийн малчдын махыг экспортлох, малын махыг эрүүлжүүлэх ажлыг хамтарч зохион байгуулах, Эрээн-Дорноговь аймгийн найрамдалт харилцааг түшиглэн Эрээн хотын гудамжыг бий болгон нэг цэцэрлэгт хүрээлэнг Эрээн хотын хөрөнгөөр байгуулах боломж бүрдлээ. Мөн сумдын эмч нарыг БНХАУ-ын ӨМӨЗО-нд үнэ төлбөргүй сургах, чадавхижуулах, Боловсролын салбарын багш нар, оюутан солилцоог нэмэгдүүлж Хятадын засгийн газрын тэтгэлгээр сургах, Соёлын өдрүүдийг зохион байгуулж аймгийн музей, Саранхөхөө театрын уран бүтээлчдийн тоглолтыг жилдээ хоёр удаа зохион байгуулах, спортын өдөрлөг зохион байгуулж хамтран бэлтгэл сургуулилт хийж тэмцээн уралдаанд оролцох , Бизнес эрхлэгчдийн форумыг Эрээн хотод 4,9-р саруудад зохион байгуулах, Гурван өдрийн аялал жуулчлалыг Хамарын хийд-Хан Баянзүрх хайрхан-Энергийн төв-108 агуй чиглэлд зохион байгуулах, Ногоон байгууламжыг нэмэгдүүлэх, Дорноговь аймагт үйл ажиллагаа явуулж байгаа төрийн байгууллагуудын ажлын уялдаа холбоог сайжруулж, сайн туршлагаас суралцах зэрэг асуудлуудыг тусгалаа.


Гэрээг үзэглэснээр аялал жуулчлалын салбарт томоохон ахиц гарахаар харагдаж байна. Хятадын талын зүгээс манайд тавьж буй санал юу вэ?

Тийм. Гурван өдөр хүртэлх хугацаанд аялах визний асуудал нь Бүлэг аялал жуулчлал хүрээнд яригдаж удахгүй шийдэгдэх гэж байна. Ийм тохиолдолд бүлгээр нь визийг нь хурдан шуурхай, дарамт шахалтгүй хил дээр олгох юм. Мөн бидэнд тавьж байгаа нэг шаардлага нь тухайн аялал жуулчлалаар явж байгаа иргэд манай аймагт ирсэн тохиолдолд хүлээж авах захиалагчын талын асуудал байна. Үүнийг орон нутагтаа 3 сард багтаан аялал жуулчлал эрхэлж байгаа компаниудын дунд тодорхой хэмжээний сонгон шалгаруулалт хийж хуваарилж өгнө. Цаашид аялал жуулчлалаар ирэх хүмүүсийн тоо нэмэгдэж, үйл ажиллагаа нь тэлэх юм бол Эрээн хотод Дорноговь аймгийн төлөөлөгчийг ажиллуулах төлөвлөгөөтөй байна. Тийм учраас олон хүнийг авахын тулд зайлшгүй төлөөлөгчийн газартай болох, манай аялал жуулчлалын компаниуд эдийн засаг болоод эрсдлээ даах чадамжтай, машин тоног төхөөрөмж, аяллын маршрутаа гаргасан байх бэлтгэл хийх шаардлагатай байна. Ингэж гэмээнэ бид жуулчдын ая тухтай байдлыг хангаж зочид буудлын үйлчилгээ, бараа бүтээгдэхүүн зарж байгаа ард иргэд, ялангуяа үндэсний үйлдвэрлэгчид, гэр буудал ажиллуулж байгаа иргэд маань ажилтай орлоготой болно. Бүс нутгийн аялал жуулчлалыг хөгжүүлэх хүрээнд хил дээр виз олгох асуудлыг шийдвэрлэхүүлэхээр УИХ-ын гишүүн Б.Дэлгэрсайхан ихэд анхаарч гадаад хэргийн яам болон холбогдох байгууллагуудтай хамтран ажилласны эцэст тун удахгүй шийдэгдэхээр нааштай хариу байна. Одоо хамтын ажиллагааг эхлүүлсэн өдрөөс эхлэн Хятадын том зах зээл рүү өөрсдийн боломж бололцоог нэмэгдүүлж ажиллах шаардлага, хариуцлага бидэнд бий болж байна.


Айлчлалын хүрээнд АЗДТГ-ын Хөрөнгө оруулалт, хөгжлийн бодлого, төлөвлөлтийн хэлтэс-Эрээн хотын Аялал жуулчлалын газартай, Дорноговь аймгийн Биеийн тамир спортын газар-Эрээн хотын Соёл спортын газартай, Дорноговь аймгийн “Саран хөхөө” театр-Эрээн хотын Үндэсний дуу бүжгийн чуулгатай, Дорноговь аймгийн Газрын харилцаа, барилга хот байгуулалтын газар-Эрээн хотын Хот тохижилт, төлөвлөлтийн газартай, Дорноговь аймгийн Боловсрол, соёл, урлагийн газар-Эрээн хотын Боловсролын газартай, Дорноговь аймгийн Эрүүл мэндийн газар- Эрээн хотын Эрүүлийг хамгаалах газартай, Дорноговь аймгийн Хилийн мэргэжлийн хяналтын газар-Эрээн хотын боомтын албатай салбар уулзалтуудыг харилцан зохион байгуулж, хамтран ажиллах санамж бичгийн төслийг хэлэлцэж, цаашид салбар бүрээр хамтран ажиллах санамж бичиг байгуулахаар болсон юм.



Дорноговь аймагт жуулчид аялахад хамгийн хүндрэлтэй асуудлын нэг нь бие засах газар хомс, зориулалтын шаардлага хангасан ариун цэврийн газрууд бараг байхгүй гэхэд болно. Эрээн хотын зүгээс энэ асуудлыг анхааралдаа авахыг сануулаад Замын-Үүд, Сайншанд суманд 70м2 бүхий хоёр ширхэг зөөврийн био 00-ийг бэлэглэсэн юм.


Уулзалтын үеэр Эрээн хотын Аялал жуулчлалын газрын дарга хэлсэн үгэндээ “...Бид Дорноговь аймагт жилдээ 30 мянган жуулчдыг аялуулах боломжтой. Иймд танай зүгээс бэлтгэл ажлаа сайтар хангаж, аяллын маршрутаа тодорхой болгох, аялал жуулчлалын компаниуд ямар үйлчилгээ үзүүлэх талаараа үнийн саналаа Хятадын аялал жуулчлалын компаниудад урьдчилан хүргүүлэх зэрэг ажлыг шийдэж өгөх хэрэгцээ байна...” гэж ярьсан юм. Иймд манай аймгийн аялал жуулчлалын компаниуд жуулчдын ая тухтай байдлыг хангах зочид буудал, ресторан хоолны үйлчилгээг сайжруулах, аюулгүй байдлыг хангах, тээврийн хэрэгслийн найдвартай байдал, урлаг соёлын сонирхолтой үзвэр үзүүлэхэд бэлтгэх, сургалт сурталчилгааны ажлуудыг зохион байгуулах зэрэг бэлтгэл ажил хийх багахан цаг хугацаа үлдээд байна.