Дорноговь аймаг таван "Улсын аварга малчин"-тай боллоо
9 сар, 2 долоо хоног өмнө

21 аймаг, нийслэлээс Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яаманд ирүүлсэн материалыг 75 шалгуур үзүүлэлтийн дагуу дүгнэж, 103 малчныг “Улсын аварга малчин”, 5 малчныг “Улсын хошой аварга”, 5 саальчныг “Улсын аварга саальчин”, 5 фермерийг “Улсын аварга фермер”, 12 аж ахуйн нэгжийг “Улсын тэргүүний тариаланч хамт олон”, 21 иргэнийг “Улсын тэргүүний тариаланч”-аар шалгаруулахаар Засгийн газрын хуралдаанаас шийдвэрлэсэн байна. Аварга малчид 26-78 насныхан бөгөөд сүүлийн гурван жил сум, орон нутгийнхаа амьжиргааны түвшин доогуур, цөөн малтай 400 гаруй өрхөд 32 мянга гаруй толгой мал өгч малжуулжээ. Мөн зах зээлд 42 мянга гаруй, үржилд 17 мянга гаруй мал борлуулсан байна. Малчид сүүлийн гурван жил нийт 18 тэрбум төгрөгийн орлого олж, мал аж ахуйн салбарт нэг тэрбум гаруй төгрөгийн хөрөнгө оруулалт хийжээ. Аваргын болзол хангасан малчид, иргэд, тариаланчид, хамт олны шагнал /цом, тэмдэг, үнэмлэх, өргөмжлөл, улаан халз бүхий 5 ханатай гэр/-ыг билгийн тооллын хаврын тэргүүн сарын баярын өмнө гардуулах аж. “Улсын аварга малчин”-аар Дорноговь аймгаас Хөвсгөл сумын Элст багийн малчин Галсаншадавын Уламбаяр, Эрдэнэ сумын Бүрдэнэ багийн малчин Сумъяагийн Одбаяр, Даланжаргалан сумын Бичигт багийн малчин Гончигдоржийн Бямба, Хатанбулаг сумын Агаруут багийн малчин Чулуугийн Батхүрэл, Сайхандулаан сумын Жаргалант багийн малчин Бандийн Мягмарсүрэн нар боллоо.