​Дорноговь аймаг өндөржүүлсэн бэлэн байдалд шилжин ажиллаж байна
2 долоо хоног өмнө


Монгол Улсын Шадар сайдын аймгуудын Засаг дарга нартай байгуулсан гэрээний дагуу Онцгой байдлын ерөнхий газраас энэ жил Баян-өлгий, Говь-Алтай, Хөвсгөл аймгуудад Гамшгаас хамгаалах иж бүрэн сургууль, Архангай аймагт гамшгаас хамгаалах команд штабын сургуулийг зохион байгуулсан. Харин өнөөдөр Дорноговь аймагт Гамшгаас хамгаалах иж бүрэн сургууль 3 өдрийн турш зохион байгуулагдахаар эхэллээ.


Манай улсад хамгийн сүүлд 2009-2010 оны хооронд зудын гамшиг тохиолдож 560 тэрбум төгрөгийн хохирол учирсан байдаг. Энэ мөнгөөр Монгол улс тухайн үеийн ханшаар тооцвол 130 цэцэрлэг, 220 сургууль барих боломжтой байжээ. Энэ мэтчилэн хохирол амсахгүйн тулд байгаль цаг уураас шалтгаалсан гамшиг, тохиолдож болзошгүй аюулт үзэгдэлд гамшгаас хамгаалах урьдчилсан сэргийлэх бэлэн байдал зайлшгүй чухал хэмээн холбогдох шатны байгууллага үзэж байгаа юм. Гамшгаас хамгаалах иж бүрэн сургууль өнөөдөр 07:00 цагт “Яаралтай цуглар” зарлан мэдээллийн дуут дохиогоор эхэлж аймгийн хэмжээнд өндөржүүлсэн бэлэн байдалд ажиллаж байна.
Гамшгаас хамгаалах иж бүрэн сургуулийг орон нутгийн гамшгаас хамгаалах алба, мэргэжлийн ангиудын хүрээнд тухайн бүс нутагт тохиолдож байсан болон тохиолдож болзошгүй аюулт үзэгдэл, ослоор цагийн байдал үүсгэн ажиллуулж гамшгаас хамгаалах дадлага сургуулилтаар үргэлжлүүлж байна.