​Дорноговь аймгийн засаг дарга Т.Энхтүвшин: АЙМАГ ОРОН НУТГАА БОГИНО ХУГАЦААНД ХӨГЖҮҮЛЭХИЙН ТӨЛӨӨ ЭРЧИМТЭЙГЭЭР АЖИЛЛАНА
3 сар, 2 долоо хоног өмнө

Та засаг даргын ажлаа хүлээж аваад нэг жилийн хугацаа өнгөрчээ. 2017 онд бүтээн байгуулалтын ажлууд аймагт өрнөж байна. Одоо ямар шатанд ажлууд хийгдэж байна вэ?

Орон нутагт их бүтээн байгуулалт явагдаж байгааг ард иргэд маань харж байгаа болов уу. УИХ-н гишүүн, нутгийн зөвлөлийн дарга Б.Дэлгэрсайханы санаачлагаар аймгаас газрыг нь шийдэж, хоёр том хорооллыг барьж байна. Энэ хороолол 2017 ондоо багтан баригдаж дуусна. Цаашдаа дахиад ийм хоёр хороолол 4,7-р багийн нутаг дэвсгэр дээр баригдах юм. Мөн Замын-Үүдэд баригдаж буй хорооллын ажил энэ ондоо багтан дуусч ашиглалтанд орчихно гэж тооцоолж байгаа. Ойрын хугацаанд Сайншанд сумын зам дагуух бүх гэрэлтүүлгийг шинэчилнэ. 08 сарын 01-ээс эхлэн 09 сарын хүртэл аймгийн төвийн бүх замыг аспальт хучилттай болгож дуусгахаар болоод байгаа бөгөөд. Алтанговийн өмнөх талбайг Ерөнхийлөгчийн сонгуулийн дараа шинэчлэн засч тохижуулна. Алтанговийн талбай болон музейн баруун талын талбай, 5-р 58-ийн урд тал,1-58 зүүн тал, 48-ийн зүүн талын талбайг засах учир маш том гантиган чулуун тавцантай, чанарын өндөр түвшинд хийгдсэн аймгийн хамгийн том талбай болно. Энэ газар манай хөгшид буурлууд, ахмадууд нарлаж байх, залуучууд маань салхилдаг, чөлөөт цагаа зөв боловсон өнгөрүүлдэг, интернет (wifi)-д ордог болгохоор төлөвлөж байна. Мөн 64 айл, 60 айлын наад талын эгнээнд иргэд чөлөөт цагаа өнгөрүүлдэг бусад соёлын арга хэмжээг зохион байгуулдаг, шорлогоо иддэг гээд ард иргэдийн амрах бололцоог бүхий л талаар нь бүрдүүлсэн талбайг 7 дугаар сарын сүүлээр ашиглалтанд оруулахаар ажиллаж байна. Мөн манай намын мөрийн хөтөлбөрт орсон аймгийн бүх угсармал таван давхаруудын дээврийг нь засч,гадна талыг энэ ондоо багтаан дулаалж, будахаар төлөвлөж байна. Хүүхэд, залуучууд чөлөөт цагаа өнгөрөөдөг, ахмадууд маань салхилж, хоорондоо цугларан уулзалдаж амрах талбайг цаашдаа нэмнэ. Ингэхдээ хуучны муу материалаар хийлгүй орчин үеийн тоног төхөөрөмж, загвараар нь хийх чухал учраас ихэд анхаарал ажилласаар байна..

2018 онд Дорноговь аймагт ямар ажлууд хийгдэх вэ? Концессийн гэрээгээр нилээдгүй ажлыг орон нутагтаа хийхээр саналуудыг оруулж төсөв нь батлагдаад байгаа. Энэ талаар дэлгэрэнгүй мэдээлэл өгнө үү?

Монгол улсын Засгийн газраас хэрэгжүүлж байгаа долоон том төслийн гурав нь Дорноговь аймагт хэрэгжиж байна. Зүүнбаянгийн нефтийг түшиглээд Дорноговь аймагт 1.5 сая тонны хүчин чадалтай нефтийн үйлдвэрийг барихаар болоод байгаа бөгөөд УИХ-ын гишүүн Б.Дэлгэрсайхан энэ асуудлыг шийдвэрлүүлэхээр УИХ, Засгийн газарт хандсанаар биелэлээ олох боломжтой болж байна. Дараагийн том шийдвэр бол Ханги мандал, Зүүнбаянгийн төмөр замын асуудал УИХ-аар хэлэлцэгдэж МУЗГ-аас шийдвэр гарсан. Үндсэндээ төмөр замынхаа маршрутыг тогтоогоод дуусаж байна. Одоо техник эдийн засгийн үнэлгээ хийгдээд явж байна. ТЭЗҮ хийгдээд дуусахаартөмөр зам 2018 онд Хатанбулаг, Улаанбадрах, Хөвсгөл сумруу тавигдах юм. Нэг ёсондоо алслагдмал сумдад точик, зөрлөгүүд баригдаж тус сумдын иргэд маань төмөр замчин болох бололцоо боломж бүрдэж байна гэсэн үг юм. 3 дахь том шийдвэрийн үр дүнг та бүхэн харсан. УИХ-аар Мандах, Хатанбулаг сумдын цахилгааны асуудлыг концессын гэрээгээр хийхээр шийдвэрлэсэн. Улмаар маш богино хугацаанд буюу 11, 12, 1, 2 сард өндөр хүчдэлийн баганыг хийж 3, 4, 5-р сард утсыг нь татуулаад Мандах, Хатанбулаг сумдыг төвийн цахилгаан эрчим хүчинд холбосон. Өнгөрсөн өвөл Өмнөговь аймгийн Ханбогд, манай Мандах суманд айхтар хүйтрээгүй. Өмнөговийн Ханбогд суманд +1 градустай байсан учир энэ ажил хийгдээд явсан. УИХ-ын гишүүн нь аймгийн Засаг даргатайгаа, Засаг дарга нь сум, багийн Засаг даргатайгаа нэг баг болж ажилласнаар шат шатандаа их ажлыг амжуулж болдог гэдгийг бид харж байна. Хэрвээ УИХ-ын гишүүнтэйгээ нэгдсэн байр суурьтай хөөцөлдөж чадаагүй байсан бол дахиад л 3-4 жилийн асуудал болох байсан. Бид ямарч хүнд хэцүү, төвөгтэй ажлыг хамтарч ажиллавал хийж болдог юм байна гэдгийг тодорхой хэмжээгээр харуулж чадсан гэж ойлгож байгаа. 2018 онд бид гэр хороолол дундах гудамжуудыг цэгцтэй болгох, гэрэлтүүлгийг тал дээр анхаарал хандуулна. Ер нь нүүрний эгнээний хашааг нэг удаа төрөөс мөнгийг нь гаргаад хаалга, үүд хашааг нь засаад өгье гэсэн бодлого барьж байна. Нэгдсэн журмаар нэг материалаар хийж өгөхгүй бол айл болгон янз янзын материалаар хийгээд байдаг. Мөн орон сууцны хороолол дундах замуудыг сайжруулах, хүүхдийн тоглоомыг нэмэгдүүлэх, ногоон байгууламжуудын эзлэх талбайг ихэсгэж өгөх ажлуудыг нилээд хийнэ. Мөн хуучны орхигдоод байгаа 12 айлын орон сууц, нефтийн 8 айл, ахуй үйлчилгээний 8 айл, барилгын 8 айл, төрийн албан хаагчдын гээд байруудыг иж бүрнээр нь дээвэр, гадна талыг нь дулаалж өгнө. 2018 онд чимхлүүр ажлуудад анхаарал хандуулах шаардлагатай байгаа ба юуны хөрөнгө оруулалтыг нилээд сайн хийхээр төлөвлөөд байна. Одоогийн байдлаар Дорноговь аймгийн хувьд мэргэжлийн боловсон хүчин үнэхээр их дутагдалтай байна. Ялангуяа уул уурхайн, цэвэрлэх байгууламж, ус, барилга, архитектурын чиглэлээр мэргэжилтэй ажилчдын хомсдол үүсээд байна. Хөдөө орон нутагт малын их эмч дутагдалтай байгаа учраас бид иргэдээ давтан сургах, мэргэшүүлэх, орон нутгийн залуучуудаа аймагтаа ажиллуулах, сургах шаардлага нэн тэргүүнд тулгараад байна. Аймгийн мэргэжил сургалт үйлдвэрлэлийн төвийн сургалтын программд өөрчлөлт оруулах тухай ХНХЯ-тай тохиролцоо хийж, бид аймгийнхаа МСҮТ-д уул уурхайн операторуудыг бэлтгэх, баяжуулах үйлдвэрийн ажилчид, баяжуулах үйлдвэрийн инженерүүд, төмөр замчдыг бэлтгэх тал дээр санал солилцсон. Уг шийдэл удахгүй биеллээ олбол хүн амын нягтшил нэмэгдэн, эдийн засгийн өсөлт сайжрах юм.

Сумдууд руу чиглэсэн ямар ажлууд одоо хийгдэж байна вэ?

Эхний ээлжинд сумын эмнэлэг, сургууль, цэцэрлэг, соёлын төв зэргийг холбоод өгнө гэсэн төлөвлөгөөтэй байгаа бөгөөд Эрдэнэ суманд нэгдсэн уурын зуух, инженерийн шугам сүлжээ, цэвэр ус бохир усны нэгдсэн шугам хийж байна. Цаашдаа тэнд орон сууц барих юм бол орон сууцыг нь холбоод өгчихнө гэсэн бодолтой байна. Энэ ажил үндсэндээ амжилттай болох юм бол дараа жил инженерийн шугам сүлжээгүй бүх айлуудад, бүх сумдуудад энэ сүлжээг хийнэ. Яагаад гэвэл иргэд маань сумандаа сайхан амьдрах ёстой. Залуучууд маань сумандаа ая тухтай амьдрах ёстой шүү дээ. Хэдий болтол бид 21-р зуун гарчихаад байхад модон жорлонд бие засаж, хувингаар усаа зөөхөв дээ.Тийм ч учраас Улаанбаатар руу чиглэсэн төвлөрөл ихэсч байгаа энэхүү асуудлыг бид орон сууцжуулсанаар, шугам сүлжээг сайжруулсанар сааруулж болно хэмээн бодлогоо баримталж байна. Өнөөдөр Замын-Үүдийн чөлөөт бүсийн авто зам дээр улсын комисс ажиллаж байна. Ойрын хугацаанд Замын-Үүдийн чөлөөт бүсийн бүх л барилга байгууламж, уурын зуухыг хүлээж авах улсын комисс хотоос ажиллана. Чөлөөт бүсэд барилга байгууламжийг нэмэгдүүлэх ажил хийгдэхээс гадна тээвэр ложистикийн төв баригдаж байна. Энэхүү ажлыг бид бүхий л түвшинд эрчимжүүлэх тал дээр шахалт үзүүлж, орон нутгийн зүгээс дэмжлэгийг ч үзүүлэн 2018 онд ашиглалтад оруулахаар болоод байна. Замын-Үүдэд орхигдоод байсан 720 м замыг аспальт хучилтаар хучиж байна. Ингээд Замын-Үүд маань нэгдсэн авто замын сүлжээнд холбогдож байгаа юм. Дорноговь аймагт нарны цахилгааны эх үүсвэрийн ажлыг 8 сарын 1-нд эхлүүлнэ. Харин салхины цахилгаан эх үүсвэрийн ажлыг 8-р сарын 10-нд эхлүүлэхээр талуудтай харилцан тохиролсон. Газраа авсан мөртлөө ажлаа эхлүүлэхгүй олон жил болсон эдгээр ажлыг шамдуулж эхлүүлэхээр болсон нь аймагт маань шинээр ажлын байрууд нэмэгдэх, цахилгаан эрчим хүчний хангалттай нөөцтэй болж гадагшаа импортлох боломж бүрдэж байна. Нарны цахилгааны ажилд гэхэд 50 гаруй хүн, салхин паркид 60 гаруй хүнийг ажлын байраар хангах боломж бүрдэх юм. 4D кино театр, хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн төв мөн баригдаж ашиглалтад орсоны дараа аймгийн төв дээрх ажлын байрууд нэмэгдэнэ. Цаашдаа бид орон сууцны хорооллуудаа дагаад цэцэрлэг, сургууль барих ажлыг нилээд эрчимжүүлнэ гэж бодож байгаа арын төмөр замд нэг эмнэлэг, бага сургууль барихаар төлөвлөж байна.

Гаднаас авч байгаа цементийн импортыг орлох Хөх цавын цемент шохойн үйлдвэр ашиглалтад орлоо. Мөн гэрэл цахилгаангүй байсан Мандах, Хатанбулаг сумдууд байнгын эрчим хүчний эх үүсвэртэй боллоо. Орон нутаг иргэдээ ажлын байраар хангах, зуучлах тал дээр хэрхэн анхаарлаа хандуулж байна вэ?

Мандах, Хатанбулаг сумдын иргэд маань гэрэл цахилгаантай болсноор сумандаа сайхан амьдрах, сумруу хөгжил эргэх, иргэд маань ажилтай болох, жижиг дунд үйлдвэрлэлээ хөгжүүлэх боломж бүрдэж байна. Цаашдаа Хангийн боомтыг өргөжүүлэх томоохон хэмжээний тээвэрлүүлэлтийн төв барих ажлыг хийхээр бидний төлөвлөгөөнд орсон байгаа. Энэхүү боомтоор ирээдүйд малын гаралтай түүхий эд, мах махан бүтээгдэхүүн гаргах, уул уурхайн түүхий эдийг экспортлох зэрэг бололцоог бий болгохын төлөө ажиллана. Ханги тосгоны ерөнхий төлөвлөгөөг хийлгэж байгаа бөгөөд Ханги тосгоны захирагчийн ажлын алба тус оны 3 сарын 1-нээс ажиллаж эхлээд явж байна. Бид БНХАУ-ын талтай ярьж байгаад км гаруй зайд өндөр хүчдэл оруулаад ирсэн байгаа. Ойрын хугацаанд Эрчим Хүчний Зохицуулах Хорооноос шийдвэр гарчих юм бол Ханги тосгон дээр амьдарч байгаа иргэд маань гэрэл, цахилгаантай болж ая тухтай амьдрах бололцоо боломж бүрдэнэ.

Уул уурхайн компаниудыг хариуцлагажуулах ажлуудыг нилээд хийлээ. Одоо тухайн компаниуд орон нутагтай хэрхэн хамтарч ажиллаж байна вэ? Орон нутагт төлөх ёстой татваруудаа өгч байгаа юу?

Сүүлийн үед эдийн засаг тодорхой хэмжээгээр сэргэж Дорноговь аймаг маань 1-р улирлын байдлаар 8 хувийн эдийн засгийн өсөлттэй гарлаа. Уул уурхайн компаниудтай аймгийн зүгээс нийгмийн хариуцлагын гэрээ байгуулсаны үр дүн гарч байна. Гэрээнд заахдаа тухайн үйл ажиллагаа явуулдаг компани татвараа орон нутагт нь цаг хугацаандаа төлөх, орон нутгийн иргэдийг ажилд авч ажиллуулахыг нэн тэргүүнд шаардлага болгон тавьсан нь биеллээ олж байна. Цаашдаа ч аймгийн эдийн засаг, нийгмийн асуудал шийдэгдээд явах болно ингэснээр 2018, 2019, 2020 онд аймгийн засаг даргын мөрийн хөтөлбөрт оруулсан хөтөлбөрийг хэрэгжүүлэх боломжтой болж байгаа юм. Энэ жил олон том бүтээн байгуулалтын ажлыг эхлүүлсэн.

Монгол улсын Засгийн газраас хэрэгжүүлж буй бодлого, шийдвэрийн хэрэгжилт орон нутагт хэр үр дүнтэй байна вэ?

Өчигдөр буюу 2017 оны 07 сарын 04-ны өдөр МУ-ын засгийн газар хуралдаад хүүхдэд олгож байсан 20 мянган төгрөгийг өнөөдрөөс эхэлж олгож эхлэх шийдвэр гаргасан. Үндсэндээ хөдөө орон нутгийн хүүхдүүдэд өнөөдрөөс эхлээд олгогдоод эхэлнэ. Хоёр дахь том шийдвэр бол Эрдэнэтийн 49 хувийг Худалдаа хөгжлийн банк буюу хувийн хэвшилд худалдсан байсныг УИХ-аар шийдээд төр өөртөө авахаар шийдвэр гаргаж нийт иргэддээ хувьцаа хэлбэрээр эзэмшүүлэхээр боллоо. Энэ нь нэг ёсондоо МУ-ын иргэн болгон Эрдэнэт үйлдвэрээс тодорхой хэмжээний хувьцаа эзэмшиж жил бүр тодорхой хэмжээний ноогдол ашиг авч байхаар болж Эрдэнэт үйлдвэр ард түмний мэдэлд ирлээ гэсэн үг. Бидний хувьд иргэд рүү чиглэгдсэн шийдвэр, хэрэгжилт бүрийг хурдан, шуурхай хүргэхээр ажиллаж байна.

Сонгуультай холбоотойгоор сумдуудын наадам хойшлогдсон. Аймгийн наадам 28,29-нд болно. 7-р сарын сүүлээр яагаад зохион байгуулахаар болов?

Аймгийн наадам 7 сарын 28, 29-ний өдрүүдэд хийхээр болсон. Бэлтгэл ажил хийгдээд явж байгаа өчигдөр аймгийн наадмын нэгдсэн комиссын анхны хурал болсон. Аймгийн засаг даргын орлогчоор ахлуулсан ажлын хэсэг ажиллаж байна. Ерөнхийдөө уншлагатай холбоотойгоор хойшлуулж байгаа адуу мал маань ирээд аятайхан ногоотой газар уралдах боломж бүрдсэн үед хийсэн нь зөв. Дээр нь сумдуудын наадам давхцахгүй байх бололцоо боломжыг харсан. Жилд нэг удаа болдог наадмаа бид өргөн дэлгэр сайхан хийх ёстой болов уу.

Улсын томоохон тэмцээнүүдийг Дорноговьд хийхээр болсон тухай мэдээлэл байна. Энэ талаар тодруулбал?

2018 онд бид гурван том тэмцээнийг орон нутагтаа хийхээр төлөвлөөд байна. 9-р сард Дорноговь аймагт Боксын олон хотын тэмцээнийг анх удаа зохион байгуулах гэж байна. Буриад, Казахстан, Хятад гээд улсуудын тамирчид оролцохоор мэдэгдээд байна. Мөн 9 сард сагсан бөмбөгийн Өсвөрийн улсын аварга шалгаруулах тэмцээнийг аймагтаа хийлгэх эрхийг авна гэсэн бодолтой байна. Цаашдаа хүүхэд залуучуудыг нийтийн биеийн тамир, спортын секц дугуйланд хамруулж бие бялдарын хөгжлийг сайжруулахын тулд тодорхой хэмжээний өндөр зэрэглэлийн тамирчдыг авчирч орон нутагтаа тоглуулах тэмцээн уралдааныг сайн зохион байгуулах тал дээр анхааран ажиллана. Энэ жил спортын салбарын хувьд нилээд ахиц гарсан. Дараа жил 1200 хүний суудалтай спорт заал барихаар Сангийн яам болон УИХ-ын гишүүнтэйгээ ярьж байна. Ер нь бариад эхлэчих болов уу гэсэн төсөөлөлтэй байгаа. Нэгэнт хийж байгаа болохоор олон хотын тэмцээн, уралдааныг орон нутагтаа тогтмол хийдэг болох чухал юм. Одоогийн байдлаар үндсэндээ 37-38 сая төгрөгийг зөвхөн өсвөрийн залуу баг тамирчдыг Улаанбаатар хот руу тэмцээнд явуулахад дэмжлэг үзүүлжээ. Сая спортын тухай хуулийн төсөл УИХ-д хэлэлцүүлгийн шатанд ороод дэмжигдчихлээ. Ойрын хугацаанд УИХ-аар батлагдах байх гэж найдаж байна. Тийм учраас аймгаас маань ирэх 4 жилд спортын шилдэг тамирчид шинээр төрсөн ийм жил байх болно гэдэгт итгэлтэй байна.

Аймгийн төрөх эмнэлэгийн барилга царцаад 6 дахь жилийнхээ нүүрийг үзэж байна. Өмнөх барилгын компани нь зураг төслөө буруу хийсэн, дахиж буулгаж барьсан ч амжилт олсонгүй. Хэзээ аймаг шинэ төрөх эмнэлэгтэй болох вэ?

Төрөхийн эмнэлгийн тендер зарлагдаж 2017 онд 810 сая төгрөгийг төсөвт тусгуулаад үлдэгдэл мөнгийг нь 2018 оны төсөвт суулгасан. Их хурлын гишүүн ч хөөцөлдлөө, аймгийн засаг даргын хувьд ч анхаарал хандуулж тендерийг нь хичнээн сар хөөцөлдөж байж аваад байна. Энэхүү ажлыг 2018 онд нь багтаагаад дуусгана. Ийм байдлаар шаардлага тавьж, хурдтай ажиллаж иргэдээ эмнэлэг, сургууль, орон сууцтай болгохгүй бол хэн ч анхаардаггүй дуртай үедээ ирээд л хаяад явчихдаг компаниудаас хариуцлага нэхэх хэрэгтэй. Хотоос барилга захиалагчийн хяналт, мэргэжлийн хяналтын байгууллага болоод бусад холбогдох газруудаас хяналт тавьж ажиллана. Орон нутгаас давхар хяналтаа ч тавиад явна алдаа оноо гарвал та хэдэд хариуцлага тооцно шүү гэдгийг хэлж ойлгуулж барилга барьсан эсвэл засвар хийсэн компани хуулиараа 3 жилийн хугацаанд тухайн хариуцдаг болохыг ч сануулж байна. Гэтэл энэ асуудлыг өнгөрсөн дөрвөн жилд хаягдуулчихсан. Барилга нь чанаргүй хойноос хөөцөлддөг хүнгүй. Үүний хамгийн захын жишээ бол Замын-Үүдийн ерөнхий боловсролын 3-р сургуулийн барилга юм. УИХ-ын гишүүн Б.Дэлгэрсайхан маань ч дээд яамдаар сайн явж, Дорноговь аймаг ч мөн эдийн засгийн хувьд асар их мөнгө гаргаж байж дуусгалаа. Уул нь тухайн компани өөрсдөө 100 хувь барьж дуусгаад комисст өгсөний дараа өгөх ёстой шүү дээ. Цаг хугацаа алдахгүйн тулд энэ асуудлыг шийдвэрлэж өгөөд өвөл доторх засварыг нь хийлгэсэн. Замын-Үүд сумын 100 ортой эмнэлгийн асуудал байна. Тендер зарлах гэсэн боловч магадлан хийлгэх буюу чанарын баталгаа хийлгэсний дараа цаашид үргэлжлүүлэх шаардлагатай байгаа.

Барилгын гүйцэтгэл царцаад удсан шалтгаан?

Анхнаасаа зураг төсвийнхөө дагуу хийгдээгүй. Үүний эрхийг орон нутагтаа авах гээд хөөцөлдөж байна. Хэрвээ орон нутагт эрх нь ирчихвэл бид бүхий л боломж бололцоогоо ашиглаад цаг хугацаагаар шахаж байж дуусгана.

2017 оныг төрийн албан хаагчдын сахилга хариуцлагын жил болгон зарласан. Сахилга хариуцлагыг дээшлүүлэх чиглэлээр ямар ажлууд хийгдэж байна вэ?

Хамгийн түрүүнд төрийн албанд ажиллагсад бол иргэдийнхээ эрх ашгийг хамгаалж, иргэдтэйгээ зөв боловсон харилцдаг, үйлчилдэг, мэдээллийг хурдадн шуурхай хүргэдэг байх ёстой юм. Төрийн байгууллагаар ороод ирэхэд амаар мэдээлэл өгөх биш баримттай бичмэл хэлбэрээр харилцдаг байх тогтолцоог бүрэн нэвтрүүлнэ. Ялангуяа багийн дарга гээд малчин нь ч мэдэгдэхгүй байгаа хүмүүсийн ажлын бүтээмжийг нилээд сайжруулна. УИХ-аас гаргасан хууль тогтоомж, шийдвэр болоод аймгийн засаг даргын шийдвэрүүдийг багийн иргэд, малчдад хүргэж өгдөг, багийнхаа төв дээр тогтмол ажилладаг тогтолцоог цаашид бий болгон, төрийн албыг чадавхижуулж, хүртээмжийг сайжруулна.

Зүүнбаян багийг сум болгох асуудал ямар шатанд явж байна вэ?

Аймгийн ИТХ-аар тогтоол нь гараад одоо Газрын харилцаа, барилга хот байгуулалтын яам болон Газрын харилцаа геодиз зураг зүйн газарт материал нь очсон. Ойрын хугацаанд материал нь хянагдаад ирэхээр УИХ-ын намрын чуулганаас өмнө өргөн барина. Ингээд 9,10 сардаа сум болгоод шийдчих юм бол 2018 оны 01 сарын 01-ний өдрөөс сумын статустай болно. Зүүнбаянд ажилласан эрдэмтэд,их сургуулийн эрдэм шинжилгээний багийнхан тус багийг сум болгох хамгийн их бололцоотой бөгөөд дэд бүтэц, тээвэр ложистик, үйлдвэрлэлийн чиглэлээр хөгжих, одоо байгаа цэргийн анги дээр түшиглээд цэргийн хотхон бий болж хүн ам нь нэмэгдэх ийм бололцоотой гэсэн дүгнэлт гарсан. 2018 онд Хамарын хийдийн авто замаас Зүүнбаян хүртэлх 16.8 км замыг тавих, Ханбаянзүрх хайрхан руу 6.8 км хатуу хучилттай авто замыг тавих төлөвлөгөөтэй байна. Дорноговь аймагт Зам тээврийн сайд айлчилах үед газар дээр нь очиж нөхцөл байдлаа танилцуулаад амжсан. 2018 онд Монгол улсын хэмжээнд замын хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх бодлоготой байгаа. Мөн УИХ-ын гишүүн Б.Дэлгэрсайхан Зүүнбаян, Хамарын-Хийдийн замын асуудал дээр нилээд анхаарлаа хандуулж сайд нар, холбогдох төслийн хүмүүстэй уулзаад явж байна.

Дорноговь аймаг цэвэрлэх байгууламжтай болох гэрээнд та гарын үсэг зураад ирлээ. Хэзээ ашиглалтад орж, хэзээнээс ажил нь эхлэх вэ?

Сая хэдхэн хоногийн өмнө Сангийн яам, Барилга хот байгуулалтын яам, Азийн хөгжлийн банктай Дорноговь аймаг цэвэрлэх байгууламж барих гэрээнд гарын үсэг зурсан. Барилга байгууламж ихээр нэмэгдэж буй энэ үед цэвэрлэх байгууламж нь нэн ач холбогдолтой. Цаашид ноос, арьс ширний чиглэлээр томоохон үйлдвэрүүд аймгийн төв дээр баригдах бололцоо байна. Мөн Арын төмөр замын цэвэрлэх байгууламж олон жил салхин дээрээ байсныг 30 гаруй сая төгрөгөөр зураг төсөлд нь өөрчлөлт оруулж нэмэлт санхүүжилтийг шийдвэрлэж аймгийн төвийн цэвэрлэх байгууламжид нийлүүлэхээр болсон. Ингэснээр УБТЗ-ын ачаанаас бага ч атугай хөнгөвчилж өгч байна. 2019 оны эхээр ашиглалтанд оруулах төлөвлөгөөтэй байна. Эхний 4 аймагт хөөцөлдсөний үр дүнд орж чадлаа.

Аймгийн ихэнхи сумдаар гандуу зуншиж байна. Үүлэнд зориудаар нөлөөлөх ажлыг хийж байгаа юу?

Цаг уурын нөхцөл байдлаас шалтгаалан ихэнхи сумд гантай байгаа учраас цаг уурын газарт аймгаас нилээд хэдэн төгрөг үүл буудахад зориулан төсөвлөсөн. Зуншлагын мэдээ авахад Хатанбулаг, Хөвсгөл, Улаанбадрах, Замын-Үүд, Эрдэнэ сум боломжийн ногоо гарсан гэсэн мэдээтэй байна. Цаг уурынхантай өдөр бүр уулзаж, утсаар ярьж байна. Үүлэнд нөлөөлж зориудаар бороо оруулаад эхэлсэн.

Дорноговь аймгийн Сайншанд, Замын-Үүд сумдад IPTV гурвалсан үйлчилгээнүүд нэвтэрч эхлээд байна. 21 аймгаас хамгийн түрүүнд хэрэглэгчдэд хүрч байгаа энэ дэвшилтэт технологийн талаар таны сэтгэгдлийг сонсоё.

Хөдөө орон нутагт технологийн дэвшил явагдаж гурвалсан үйлчилгээ нэвтэрч байгаад баяртай байна. Ер нь бол аливаа телевиз, технологийн дэвшил аль болохоор өрсөлдөөнтэй байх ёстой гэж боддог. Юнившин орон даяар гэсэн хөтөлбөр зарлаад Дорноговь аймагт орж ирсэн байна. Улаанбаатар хотын ихэнхи хэрэглэгчид Юнивишний үйлчилгээг гэртээ сонгосон байдаг. Дэлхийн хурдацтай хөгжиж байгаа орчин үеийн дэвшилтэт технологийг аймагт маань нэвтрүүлсэнд мөн талархалтай байна. Засаг даргын ажлаа аваад удаагүй байхад энэ ажлууд эхэлж байна. Тийм учраас иргэд маань сайтар хамрагдаарай. Энэ бол маш том боломж, хөгжлийн дэвшил гэдгийг хэлмээр байна. Бид хамтдаа аймаг, орон нутгаа богино хугацаанд хөгжүүлэх боломжтойг харуулахын төлөө ажиллаж байна.

Баярлалаа. Таны цаашдын ажилд амжилт хүсье.