Дорноговь аймгийн нийт хүн амын 24,5% нь газраа өмчилж авсан
10 сар, 3 долоо хоног өмнө

Дорноговь аймгийн ГХБХБГ-ын түр орлон гүйцэтгэгч Ц.Оюунсайхан

Газар зохион байгуулалтын ерөнхий төлөвлөгөө батлагдаад удаагүй байна. Манай уншигчдад та мэдээлэл өгнө үү?

Аймгийн газар зохион байгуулалтын ерөнхий төлөвлөгөө Дорноговь аймгийн ИТХ-ын тогтоолоор 2016 оны 12 дугаар сард батлагдсан. Үүнтэй холбогдуулан сумын газар зохион байгуулалтын төлөвлөгөөг сум бүр ерөнхий төлөвлөгөөний хүрээнд боловсруулж батлаад байна. Сумдын газар зохион байгуулалтын төлөвлөгөөг аймгийн хэмжээнд сум тус бүрээрээ төлөвлөлт хийсэн. Төлөвлөгөөний дагуу шинээр өмчлүүлэхээр 1206 иргэнд 186,3 га газрыг, эзэмшиж байгаа хашааны 47 иргэнд 3.6 га газрыг өмчлүүлэхээр тусгасан байна.

Газрын дуудлага худалдаа, сонгон шалгаруулалтаар орон нутгийн төсвийн багагүй хувь бүрддэг. Гэвч 2016 онд Дорноговь аймаг нь газар эзэмшүүлэх дуудлага худалдаа, төсөл сонгон шалгаруулалтаар 1 тэрбум 700 сая төгрөгийг орон нутгийн төсөвт төвлөрүүлэх байсан хэдий ч 400 сая орчим төгрөгийг л төсөвт төвлөрүүлсэн. Шалтгаан нь юу байв?

Өнгөрсөн жилүүдэд газар эзэмшүүлэх дуудлага худалдаа, төсөл сонгон шалгаруулалтыг тухайн аймгийн ИТХ-аас шууд тогтоодог байсан. Энэ нь газрын бодит үнэ цэнийг тооцож тогтоогоогүй тул орлогын төлөвлөгөө тасрахад хүрсэн. Бодит орлого төвлөрүүлэх нөхцөл байдлыг тооцдоггүй байсан. Иймд 2017 онд нарийн зохион байгуулалтаар газрын дуудлага худалдааг зохион байгуулах, ард иргэдэд үйлдвэрлэл үйлчилгээ явуулахад тохиромжтой газрыг худалдахад онцгой анхаарч төлөвлөгөөг боловсруулаад байна. Өөрөөр хэлбэл 2017 онд орон нутгийн төсөвт газрын дуудлага худалдаагаар 1 тэрбум төгрөгийг төвлөрүүлэхээр болоод байна.

1 тэрбум төгрөг төвлөрүүлэх боломжтой гэж үзэж байна уу?

Ингэхдээ газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд орсон газруудын онцлог нь хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөөний дагуу улсын чанартай авто замын хажууд, шинээр суурьших суурьшлын бүсд тохиромжтой газруудыг санал болгож байгаа. Бид бодит газар дээр нь очиж судалгаа шинжилгээ хийж төлөвлөгөө боловсруулсан тул энэ орлогыг орон нутгийнхаа төсөвт төвлөрүүлэхийн төлөө хичээн ажиллана даа.

Дорноговь аймгийн хэмжээнд 2017 онд 34 нэгж талбарт 39,83 га газрыг эзэмшүүлэнэ гэж та хэлсэн. Ер нь манай аймгийн иргэд хэр идэвхитэй газраа өмчилж авах хүсэлтээ ирүүлдэг юм бэ?

2016 оны жилийн эцсийн тайлан мэдээгээр Дорноговь аймгийн нийт хүн амын 24,5% нь газраа өмчилж аваад байна. Энэ тоо нь улсын дундажтай харьцуулахад 10,1%-тай тэнцэж байгаа юм. Энэ нь иргэд газар өмчлөх хүсэлтээ ирүүлсэн бол хэмжилтээ хийлгэж газрын гэрчилгээгээ албан ёсоор авсанаар эдийн засгийн эргэлтэд оруулах боломжтой гэдгийг сайн мэдэж байгаа давуу талтай болсоны илрэл юм.

Ярилцсанд баярлалаа.