ДОРНОГОВЬ АЙМГИЙН ШҮҮХ ИРГЭДЭД ҮЙЛЧЛЭХ ТӨВТЭЙ БОЛЛОО
4 сар, 2 долоо хоног өмнө

Шүүхийн ерөнхий зөвлөл 2017 оныг шүүхийн үйл ажиллагааг олон нийтэд нээлттэй, хүртээмжтэй, чанартай, түргэн шуурхай хүргэхийн тулд Шүүхийг үйлчилгээний байгууллага” болгох зорилтыг дэвшүүлжээ. Энэ хүрээнд Шүүхийн ерөнхий зөвлөлөөс “Шүүхийн үйлчилгээг сайжруулах төсөл”-ийн уралдааныг зарлаж Дорноговь аймаг дахь шүүхийн тамгын газрын “Иргэдийн үйлчилгээний төв” байгуулах төсөл нь шалгарсан байна. Улмаар 12 сая төгрөгийн хөрөнгө оруулалтаар Дорноговь аймаг дахь шүүхийн нэг давхарт “Иргэдийн үйлчилгээний төв”-ийг байгуулж нээлтээ хийлээ.


Иргэдийн үйлчилгээний төв нь шүүхийн үйлчилгээг иргэдэд ил тод, нээлттэй, хүртээмжтэй, чирэгдэлгүй, ойлгомжтой тодорхой байхаар зохион байгуулсан байна. Өөрөөр хэлбэл иргэд энэхүү танхимд өөрөө өөртөө үйлчлэх боломж бүрдэж байгаа юм. Тухайлбал: иргэд анхан болон давж заалдах шатны шүүхүүд, эвлэрүүлэн зуучлалд хандахдаа өргөдөл, нэхэмжлэлийг хэрхэн бичих тухай загвар, зааварчилгаа, хэрэг материалаас шаардлагатай зүйлсээ хуулбарлах авах канон, шүүх хуралдааны үйл явцыг шууд дамжуулан үзэх боломжтой дэлгэц зэргээс бүрдсэн байна.


Шүүхийн үйлчилгээний төвд хөтөч ажиллах бөгөөд иргэдийг шүүхээр үйлчлүүлэхэд бүхий л талаар чиглүүлэх үүрэгтэйгээр ажиллах юм. Энэхүү ажил нь шүүхийн шинэтгэлийн хүрээнд хүрээнд хийгдэж байгаа ээлжит ажил аж.