“Дорнын говийн эртний соёл” үзэсгэлэн нэг жилийн хугацаатай үргэлжилнэ
2 жил, 7 сар өмнө

“Архелогийн авран хамгаалах судалгаа” гэсэн ойлголт манай улсад сүүлийн жилүүдэд төлөвшин тогтохын зэрэгцээ археологийн шинжлэх ухааны салбарт өөрийн гэсэн хувь нэмрийг оруулсаар байна. 2003 оноос Шинжлэх ухааны академийн түүх, архелогийн салбарын баг хамт олон Дорноговь аймгийн Дэлгэрэх сумын нутагт орших Чандмань Хар уулд архелогийн малтлаг хийж эхэлжээ. Тэд малтлагын үеэр олдсон түүхийн үе үеийн дурсгалт 100 гаруй бүтээлээр “Дорнын говийн эртний соёл” үзэсгэлэнг Дорноговь аймгийн музей, сургалт судалгааны төвд нээж нутгийн ард иргэдэд хүргэхээр боллоо. Дорноговь аймгийн Дэлгэрэх сумын нутагт байрлах төмрийн хүдрийн ашиглалтын лиценз эзэмшдэг монголын хөрөнгө оруулалттай “Засаг чандмань майнз” ХХК нь компаний хамт олон жишиг уул уурхайн компани болох зорилт тавин малтлагын ажилд 670 сая төгрөгийн хөрөнгө оруулалт хийсэн байна. Түүнчлэн архелогийн малтлагын ажилд ШУТИС-ийн Бизнесийн удирдлага, Хүмүүнлэгийн сургууль болон ШУА хамтран ажиллажээ. Дэлгэрэх сумын нутагт зургаан удаагийн археологийн хээрийн судалгааны ажлыг хоёр байгууллагын 30 гаруй эрдэм шинжилгээний ажилтан, 80 гаруй оюутан залуус нийтдээ 240 орчим хоног ажиллаж, архелогийн ажлыг амжилттай дуусгасан байна. Чандмань Хар уул орчимд хийсэн хайгуул судалгааны үр дүнд нийт 320 орчим дурсгалыг бүртгэн баримтжуулснаас нийт 292 дурсгалыг малтан судалж 300 гаруй эх хэрэглэгдэхүүнээс шилэгдмэл 100 орчим олдворыг үзэсгэлэнд дэлгээд байна. “Дорнын говийн эртний соёл” үзэсгэлэн үндсэн дөрвөн бүлэг олдворуудаас бүрдсэн бөгөөд үүнд хувцас, гоёл чимэглэл, зэр зэвсэг, ахуйн хэрэгсэл, адуу малын тоног хэрэгсэл зэрэг зүйлс багтжээ. Тухайлбал: Монголын үед холбогдох булшнаас уран нарийн хийцтэй бүсний алт шармал мөнгөн тоног, алтан саат торгоор хийсэн хувцасны үлдэгдэл, зураг хээтэй үйсэн саадаг, төмөр амгай, зуузай зэрэг хазаарын үлдэгдэл, эмээл, төмөр дөрөө, чулуун сувс зэрэг хэдэн арван олдвор илэрчээ. Энэхүү авран хамгаалах судалгааны ажил нь түүхийн үнэт өв, соёлыг хойч үедээ өвлүүлэн үлдээх ач холбогдолтой төдийгүй орон нутагт нь түүхийн олдвороор үзэсгэлэн нээсэн нь анхдагч болжээ.