ЗААВАЛ ҮЗЭХ ГАЗРЫН НЭГ ДОРНОГОВИЙН БҮРДЭНЭ БУЛАГ
3 сар, 1 долоо хоног өмнө


Амралт, аялал зугаалгын улирал ирж байгаатай холбоотойгоор уншигч та бүхэндээ Дорноговийнхоо үзэсгэлэнт газруудын мэдээллийг цувралаар хүргэхээр бэлтгэлээ. Долоо хоног бүрийн амралтын өдрүүдэд Дорноговийн үзэсгэлэнт, түүхэн газруудтай танилцаарай. Хамгийн эхэнд Эрдэнэ суманд орших Бүрдэнэ булгийг танилцуулж байна.


Дорноговь аймгийн Эрдэнэ сумын төвөөс баруун урагш 37 км зайд оршдог говийн энэ баян бүрд 1200 га талбай эзэлдэгийн дөрөвний гурвыг элсэн манхан, 10 хувийг сархиа, цав, нэг хувийг заган ой эзэлнэ. Эрдэмтэн Т.Баасан Бүрдэний хөндийг нэлээд судалж “ Монгол орны элс“ номондоо дэлгэрэнгүй бичсэн байна. Бүрдэний элс нь баруун хойноос зүүн урагш сунаж тогтсон 1100 гаруй ам дөрвөлжин км талбайтай. Бүрдэнэ булгийн баруун хойт болон урд талаас зүүн тийш Баруун сухайн худаг хүртэл нүцгэн манханууд байна.

Бүрдэнийн баян бүрдийн орчмын зүлэг, ширгэн дээр бие биеэс нилээд зайдуу саланги орших элсэн манханы хэлхээний ар өврийн ёроолоос ус шүүрч бяцхан тогтоол, цөөрөм үүсгэх бөгөөд ер нь 108 булагтай гэж ярьдаг. Элсэн манхануудын хүндийн жингийн даралтаас хөрсний ус шахагдан ийнхүү устай орчинг үүсгэдэг ажээ. Элсэн хөрсний дор нуурын тас хар өнгийн лаг шавартай. Энд манханууд хоёр гурваараа нийлж манхан хэлхээ үүсгэх ба хамгийн том хэлхээний урт 630 м хүрдэг байна. Бүрдэнийн баян бүрд бүхий хэсэгт 34 ширхэг манхан элс, зэрэгцсэнийг нь салгаж тоолбол 54 манхан байгаагийн 12 нь хоёроос таваараа нийлсэн манхан хэлхээ байдалтай, 22 нь дан салангид манханууд юм. Бүрдэний элсийг хаагуур нь ч авто хөсгөөр туулах бололцоогүй байдаг.

Бүрдэнэ булагт Говийн догшин ноён хутагт Д. Равжаагийн санаачилгаар байгуулагдсан буддын шашны улааны урсгалын хийд байжээ. Ноён хутагт 25 настайдаа монголд анх “ Жод”-ын номыг дэлгэрүүлэхээр Бүрдэнэ булагт 1828 онд хавтгай нуруутай голдоо том өрөө бүхий дан сум байгуулсан байна. Голын том өрөөндөө билгийн тооллын сар бүрийн 25-нд “ Цэвжүү” хэмээхийг хурдаг. Хурал хурагсад нь эрэгтэй, эмэгтэй зоч нараас бүрддэг байжээ. Жодын номын зорилго нь бүгдээрээ эрх тэгш, эв найртай аж төрж хөдөлмөрлөн бүтээж орчлонгийн муу заяанд төөрсөн хүмүүн болгонд сайн төрөл олгож, жаргалын оронд хүргэх учиртай аж. Үүний тулд эрэгтэй, эмэгтэй ялгалгүй хамтран зүтгэж биеэ урьдчилан бэлтгэж дасган номын тоог бумд хүргэснээр зочийн мэргэжилтэй болдог байжээ. Ингэхдээ 108 булаг бүрт жодгорт хонон амьдарч хоол ундаа сойн ном уншин нямба хийдэг байсан ажээ. Жодын анхны сүм болох Бүрдэнийн сүмийн гонхонд хожим ноён хутагт Д.Равжаагийн дүрийг дүнз модоор урлан байрлуулсан байсан гэнэ. Бүрдэнийн хийдийн гол шүтээн нь Янси-Ядам бурхан байжээ


Бүрдэнийн булгийн үзэсгэлэнтэй, өвөрмөц сонин тогтоцтой газарт 1995 оноос бөөрний сувилал нээж эмгүйгээр бөөрний түүдгэнцэр болон дэвшинцэрийн хурц архаг өрөвсөл, үе мөч, давсагны өрөвсөл зэрэг өвчнийг халуун элс, ингэний буцалгаагаар эмчилж байгаа нь үр дүн сайтай байна. Бүрдэнийн амралт, сувиллын газрыг “Дагшин-Эрдэнэ” орон нутгийн өмчит компани хариуцан ажилладаг байна. Эдүгээ сувиллыг түшиглэж эмчилгээний аялал жуулчлалыг хөгжүүлэх боломж бүрдэж буй.

Үйл ажиллагааг нь өргөтгөх, ажиллах нөхцөл байдлыг сайжруулах үүднээс одоогоос гурван жилийн өмнө улсын төсвийн нэг тэрбум орчим төгрөгийн хөрөнгө оруулалтаар агаарын цахилгаан дамжуулах шугам барьж, 24 цагийн эрчим хүчтэй болгосон төдийгүй амрагчдын байр, эмнэлэг, хоолны тасалгаа, ариун цэврийн өрөө зэргийг тохижуулсан байдаг. Сувиллын өрөөний дотоод тохижилт, тавилга, эд хогшил, шаардлагатай тоног төхөөрөмжийг шийдвэрлэж байжээ. Эдүгээ Бүрдэнийн сувилал үйл ажиллагаагаа өргөтгөж Эрүүл мэндийн яамнаас баталгаажуулдаг магадлан итгэмжлэлд орох зорилтыг 2016 оноос хойш тавьж, бэлтгэл хангаж байна. Өнгөрөгч онд улсын Геологийн төв лабораторид элсний шинжилгээг 44 элементээр шинжлүүлэхэд үр дүн нь сайн гарч зөвхөн бөөрний өвчин биш үе мөч, хөл гар, бага насны хүүхдэд тохиолддог рахитыг эмчлэхэд ч сайн болох нь батлагджээ.


Элсний сувиллыг зорьж очдог эмчлүүлэгчдийн тоо жил ирэх бүр өсч байгаа. Сүүлийн гурван жил төдийгүй арваад жил тогтмол эмчлүүлж байгаа хүн ч буй. Сувиллаар жилдээ 300 гаруй хүн үйлчилгээ үзүүлдэг бол аялал жуулчлалын чиглэлээр 600-700 гаруй хүнд үйлчилдэг аж. Харин өвөл, хаврын улиралд үйл ажиллагаа нь түр зогсдог байна.

Эмчилгээний сувилал нь зургадугаар сарын 20-ноос наймдугаар сарын 20-ныг хүртэлх хугацаанд үйлчлүүлэгчидээ хүлээн авч сувилал эмчилгээг үзүүлдэг. Учир нь энэ хугацаанд нарны эрчим хүч хамгийн их энерги ялгаруулж, элс эрчимтэй халдаг тул эмчилгээ хийлгэхэд тохиромжтой.
Нэг удаа 100 хүн хүлээн авах хүчин чадалтай төдийгүй халуун элсэнд хүний биеийг бүтэн булах хэлбэрээр эмчилгээ хийдэг. Сувиллын нэг хоногийн эмчилгээ, хоолны мөнгө нийлээд том хүн 33 мянган төгрөг, 0-2 насны хүүхэд үнэгүй, 2-6 насны хүүхэд 15 мянга, 6-13 насны хүүхэд 22 мянган төгрөг, 13-аас дээс насны хүүхэд том хүний тарифаар үйлчлүүлдэг. Амрагч, сувилуулагчид ингэний буцалгаа ууж, халуун элсний шарлага хийж, элсэн манхан, зүлэг ногоон талбай дээгүүр хөл нүцгэн алхаж, ер бусын ундаргатай булаг рашаан, мэлхийтэй худаг, өрхий, заг, суль, шаваг, цулхир, хөмүл зэргийг үзэж говийн ургамал, байгалийн сонин сайхныг мэдрэх болно. Элсний эмчилгээнээс гадна сувилуулагчид ингэний халуун хоормогийг дотроосоо ууж эмчилгээгээ илүү үр дүнтэй болгодог.


Бүрдэнийн хөндий, түүний орчимд аргаль хонь ,хулан адуу, хар сүүлтий, шилүүс мий,зэрэг ховор хөхтөн амьтад чоно, үнэг, хярс, дорго, туулай, цагаан зээр гэх мэтийн агнуурын амьтад,мөлхөгч, мэрэгч амьтад амьдарна. Бүрдэнийн тарамцагийн баруун хэсгийн элсэнд үхэр бут /харгана / шаваг голлож суль,цульхир,хармаг,хөмөл ургах учир тэмээн сүргийн тохиромтой бэлчээр юм.

Монголын биологийн төрөл зүйлийг хамгаалах үйл ажиллагааны үндэсний хөтөлбөрт болон Байгаль орчны яамнаас гаргасан 2006-2015 онд улсын тусгай хамгаалалтад шинээр авах газар нутгийн жагсаалтад Бүрдэний элс орсон бөгөөд “Заримдаг цөлийн дунд орших нүцгэн манхан элс” хэмээн тодорхойлсон байдаг. Бүрдэнийн хөндийн байгалийн өвөрмөц тогтоц бүхий үзэсгэлэнт газрыг 1997 онд байгалийн нөөц газрын ангиллаар аймгийн, 2011 онд улсын тусгай хамгаалалтад тус тус авсан.



Дашрамд дурдахад сувилалын үйл ажиллагаа энэ сарын 19-нөөс эхлэх ажээ. Бүрдэнэ булгийг зорих гэж байгаа бол Улаанбаатар-Сайншанд-Эрдэнэ сум гэсэн маршрутаар босоо тэнхлэгийн хатуу хучилттай авто замаар 570 гаруй км яваад очно. Хэрэв тус сувилалтай холбогдохыг хүсвэл 96645202 утсаар холбогдоорой.


Гэрэл зургийг: О.Болд-Эрдэнэ