​ЗАМ ТЭЭВРИЙН ОСЛООР 4 ХҮН АМИА АЛДЛАА
4 сар, 1 долоо хоног өмнө

2017 оны 6-р сарын 13-ний өдөр 23:40 минутын орчимд Дорноговь аймгийн Өргөн сумын 1-р багийн нутаг дэвсгэр буюу Замын-Үүд-Сайншанд чиглэлийн босоо тэнхлэгийн хатуу хучилттай авто замд 98-30 ДГА улсын дугаартай “Sonato-6” маркын автомашин 69-82 ДГО улсын дугаартай Nord Benz маркын авто машинтай мөргөлдөж зам тээврийн осол гарчээ. Тухайн суудлын авто машинд зорчиж явсан 6 иргэнээс 4 иргэн газар дээрээ амь насаа алдаж хоёр иргэн аймгийн Нэгдсэн эмнэлэгт хүргэгдэн эмчлэгдэж байгаа аж. Дээрх зам тээврийн осолд Замын-Үүд сумын Цагдаагийн хэлтсийн Хэрэг бүртгэх, мөрдөн байцаах тасгаас мөрдөн байцаалтын ажиллагаа явуулан шалгаж байгаа юм байна.

“Хэрэг бүртгэл, мөрдөн байцаалтын шатанд шалгагдаж байгаа учир ослын шалтгаан нөхцлийг одоогоор тогтоох боломжгүй” гэж Аймгийн Цагдаагийн газрын Олон нийттэй харилцах ахлах байцаагч, Цагдаагийн хошууч Г.Өлзийнсүрэн мэдээллээ. Босоо тэнхлэгийн авто замаар хөдөлгөөнд оролцож буй жолооч нар авто машины бүрэн бүтэн байдлаа хангаж, тээврийн хэрэгслийн хурдаа тохируулж, замын хөдөлгөөний дүрмээ баримтлан оролцохыг аймгийн Цагдаагийн газраас анхааруулж байна.