Пауэрлифтингийн аймгийн аварга шалгаруулах тэмцээн болж байна
8 сар, 1 долоо хоног өмнө

Аймгийн Биеийн тамир, спортын газар, “Хангарьд” клуб, “Glassic gym” клубуудтай хамтран 2017 оны Пауэрлифтингийн аймгийн аварга шалгаруулах тэмцээнийг үндсэн 3 төрөл болох шахалт, таталт, суултын төрлөөр өнөөдөр зохион байгуулж байна. Жингийн хувьд 66 кг, 74 кг, 83 кг, -93 кг, +93 кг-ийн ангилалд 4 багийн 40 гаруй тамирчин оролцож байна. Тэмцээний талаар ерөнхий шүүгч Л.Ариунжаргалаас тодрууллаа.

Манай уншигчдад та эхлээд өөрийгөө танилцуулна уу? Энэ спортын төрлөөр хэдэн жил хичээллэж байгаа мөн ямар амжилтуудыг үзүүлсэн бэ?

Би энэ спортоор 5 жил хичээллэж байна. Энэ хугацаанд Азийн аварга, Дэлхийн цомын аварга, Улсын 3 удаагийн аварга болсон. Азидаа бол газраас таталтын төрөлд рекордыг нэр дээрээ эзэмшдэг. Дорноговь аймагт зохион байгуулагдаж Пауэрлифтингийн аймгийн аварга шалгаруулах 4 дэхь удаагийн тэмцээнд ерөнхий шүүгчээр ажиллаж байна.

Пауэрлифтинг аль улсад илүү хөгжсөн бэ?

Энэ төрлийн спортыг АНУ, ОХУ, Япон, Солонгос гээд улс орнуудад нилээд хөгсөн гэж нэрлэж болно. Монгол улсын хувьд 11 жил болж байгаа. Сүүлийн жилүүдэд маш эрчимтэй хөгжиж тэмцээнүүдэд амжилттай оролцож байна. Пауэрлифтингийн эх үндэс болох хүчний дасгал сургуулилт нь эртний Грек, Ромын үеэс үүдэлтэй. Орчин үеийн пауэрлифтинг нь 1950-д оны үед АНУ болон Их Британид хөгжин бий болсон гэдэг.

Манай аймагт хэр хөгжиж байгаа спортын төрөл вэ?

Дорноговь аймгийн тамирчид улсын хэмжээнд дээгүүр байранд жагсаж байгаа. Сайн аймгууд гэвэл Эрдэнэт, Дархан, Багануур дүүрэг, Төв, гээд аймгуудыг нэрлэж болно. Саяхан болсон улсын аваргаар манай аймгийн мастерын баг тамирчид хүрэл медаль хүртээд байна. Мөн 66, 74 кг-ийн жинд хоёр дэд мастертай болсон. Удахгүй Азийн аваргын тэмцээнд “Glassic gym” клубын тамирчин Эрдэнэцогт маань 5-р сард явах гээд бэлтгэлээ хангаад байж байгаа.

Монголын Пауэрлифтингийн холбооны талаар мэдээлэл өгнө үү?

Монголын Пауэрлифтингийн хүчний холбоо 2015 оноос эрчимтэй сайн ажиллаж байна. Монголын тамирчид дэлхийн жишигт хүрчихлээ. Энэ спортыг хөгжүүлж байгаа газрууд бол фитнесс клубууд л сайн ажиллаж, залуучууд маань сонирхлоороо их хичээллэж байна. Манай холбоо төр засгаас ямар нэгэн дэмжлэг авдаггүй ч энэ спортод амжилт гаргасан тамирчдынхаа хөдөлмөрийг үнэлүүлэх тал дээр анхаарал хандуулан ажиллаж байна.

Танд баярлалаа.