РАШААН СУВИЛЛЫН ИЛГЭЭХ ХУУДАС ТҮГЭЭГДЭЖ БАЙНА
3 сар, 1 долоо хоног өмнө

Дорноговь аймгийн эрүүл мэндийн газар дараах рашаан сувиллуудын илгээх хуудсыг түгээж байна. Үүнд

ОРГИЛ РАШААН СУВИЛАЛ

Оргил рашаан сувилал нь Богдхан уулын ар хормойд, Улаанбаатар хотын өмнөд хэсэг Хан-Уул дүүрэгт Удирдлагын Боловсролын Академийн хажууд байрладаг. Гидрокарбонат-кальци-натрийн найрлагатай, сул эрдэсжилттэй, сул хүчиллэг, нүүрсхүчлийн хий, төмөртэй хүйтэн рашаан юм. Уухаас гадна орох, шавших угаах зэргээр хэрэглэнэ. Уух рашаан нь ходоодны архаг, 12 нугалаа гэдэсний хүндрэлгүй шархлаа, гэдэсний архаг үрэвсэл, элэг цөсний архаг өвчин, төмөр дутсан цус багадалтыг эмчлэхэд сайн үйлчилгээтэй. Шавар эмчилгээг хорт хавдар, хурц үрэвсэлт өвчнүүд, архаг өвчний сэдрэлийн үе, сүрьеэ, декомпенсацийн шатанд байгаа зүрхний гажиг, зүрхний цус хомсрох өвчин, даралт ихдэх өвчин,бронхийн багтраа, гломерулонефрит, элэгний хатуурал өвчний үед хэрэглэхэд тохиромжгүй. Оргил рашаан сувилал байнгын ажиллагаатай.
1 ХОНОГИЙН ҮНЭ-37.000
Утас: 342093, 345371, 88782093
“АВАРГА ТОСОН” СУВИЛАЛ
Хэнтийн Дэлгэрхаан сумын нутагт байрладаг. Улаанбаатар хотоос 203 км-ийн зайтай. Ходоодны архаг үрэвсэл, 12 нугалаа гэдэсний хүндрэлгүй шархлаа, гэдэсний архаг үрэвсэл, элэг цөсний архаг өвчин, нойр булчирхайн архаг үрэвсэл, бодисын солилцооны өвчин, төмөр дутсан цус багадалтыг эмчлэхэд тохиромжтой. Шавар эмчилгээ хорт хавдар, үрэвсэлтэй өвчнүүд, архаг өвчний сэдрэлийн үе, сүрьеэ, деканпенсацийн шатанд байгаа зүрхний гажиг, даралт ихдэх өвчин, бронхийн багтраа, элэгний хатуурал өвчинд зохимжгүй гэдгийг анхаарах хэрэгтэй ажээ.
ҮНЭ-40.000
Утас: 77437777, 95829918
“АР ЖАНЧИВЛАН” РАШААН
Төв аймгийн Эрдэнэ сумын нутагт байрладаг уг рашааны газар Улаанбаатар хотоос 70 км-ийн зайтай. Эмчилгээний хувьд ходоодны архаг үрэвсэл 12 нугалаа гэдэсний хүндрэлгүй шархлаа, гэдэсний архаг үрэвсэл, элэг цөсний архаг өвчин, нойр булчирхайн архаг үрэвсэл, бодисын солилцооны өвчин, төмөр дутсан цус багадалтын үед хэрэглэдэг. Харин тархины судасны хатуурлын гүнзгийрсэн хэлбэр, хүнд хэлбэрийн зүрхний шигдээсийн дараахи үе, артерийн даралт ихдэлтийн өвчин ба II түүнээс дээш шат, зүрхний бахын байнгын болон хүнд хэлбэрийн илэрлийн үед энэ рашаан зохимжгүй юм.
ҮНЭ-29000
Утас: 99176806
ӨВӨР ЖАНЧИВЛАНГИЙН РАШААН, СУВИЛАЛ
Төв аймгийн Эрдэнэ сумын нутагт байрлах бөгөөд нийслэлээс 78 км-ийн зайтай. Эмчилгээний хувьд ходоодны архаг үрэвсэл, 12 нугалаа гэдэсний хүндрэлгүй шархлаа, гэдэсний архаг үрэвсэл, элэг цөсний архаг өвчин, нойр булчирхайн архаг үрэвсэл, бодисын солилцооны өвчин, төмөр дутсан цус багадалтын эмчилгээнд хэрэглэдэг. Тархины судасны хатуурлын гүнзгийрсэн хэлбэр, хүнд хэлбэрийн зүрхний шигдээсийн дараахь үе, артерийн даралт ихдэлтийн өвчин ба II түүнээс дээш шат, зүрхний бахын байнгын болон хүнд хэлбэрийн илэрлийн үөд энэ рашаан зохимжгүй юм байна.
ҮНЭ-29,000
Утас: 88001511, 322075
ХУЖИРТЫН ХАЛУУН РАШААН
Өвөрхангай аймгийн Хужирт сумын нутагт байрлах бөгөөд нийслэл хотоос 290 км-ийн зайтай. Үе мөч, арьсны өвчин, ясны гэмтэл, эмэгтэйчүүд, мэдрэлийн өвчний үед голдуу хэрэглэнэ. Мөн эмчилгээний хүчин зүйлийн нэг бол лаг хар шавар бөгөөд үе мөч болон арьсны зарим өвчинд нэн тустай. Тархины судасны хатуурлын гүнзгийрсэн хэлбэр, хүнд хэм алдагдал, зүрхний шигдээсийн дараахи үе, артерийн даралт эхлэх өвчин, зүрхний бахын байнгын болон хүнд хэлбэрийн илрэлийн үед энэ рашаан зохимжгүй.
ҮНЭ-30,000-65,000
Утас: 99194229
“ШАРГАЛЖУУТ” РАШААН, СУВИЛАЛ
Баянхонгор аймгийн Эрдэнэцогт сумын нутагт буюу Улаанбаатар хотоос 650 км-ийн зайтай байдаг. Шаргалжуутын гол руу түрж орсон Хатад толгойн энгэрт байх боржин чулуун дундаас оргилон урсах халууны хэмжээгээрээ өөр хоорондоо харилцан адилгүй 100 гаруй булаг, рашаан ундаргаас бүрддэг. Арьсан дахь мэдрэлийн судсыг цочроож мэдрэлийн цусны хөдөлгөөн, бодисын солилцоо, дотоод шүурлийн ажиллагаанд өөрчлөлт үзүүлдэг тул үе мөчний архаг үрэвсэл, эмэгтэйчүүдийн болон арьсны зарим өвчин, амьсгалын замын өвчнийг эмчлэхэд зохимжтой. Рашааны халууны хэмжээ их, сул эрдэсжилттэй тул биеийн дулааныг дээшлүүлэх, үрэвслийг түргэн илааршуулах, үе, булчин, ясны архаг өвчнийг эмчлэхэд тохиромжтой.
Үнэ- 46500-90000
Утас: 77437777, 95829918
ХАЛЗАН-УУЛ РАШААН, СУВИЛАЛ
Даланжаргалан сумаас 55 км –т Их нартын байгалийн нөөц газарт, “Халзан” хэмээх их хайрханы баруун төгсгөл ”Ноён” уулын өвөрт жилийн дөрвөн улиралд үндсэн 3 ундрагаас цагт 6500 литр оргилон гардаг эрдэсжилт ихтэй хүйтэн рашааныг түшиглэсэн Нэг ээлжиндээ 60 хүн хүлээн авах хүчин чадалтай. нөөц нь тогтоогдсон байгалийн рашааныг ашиглан нөхөн сэргээх, рашаан сувиллын тусламж үйлчилгээг улсын хэмжээнд үзүүлдэг.
Рашаан үйлчилгээ:
• Мэдрэлийн системийн өвчнүүдэд (тархины гэмтлийн дараах үлдэц, цус харвалтын дараах хөнгөн хэлбэрийн саа, саажилт, мэдрэл сульдаа, радикулит, хөөрөлт, ядаргаа )
• Зүрх судасны өвчнүүд (зүрхний цусан хангамжийн архаг дутагдал, цусны даралт ихсэлтийн I,II үе, нойргүйдэл, микроэлементийн дутагдал)
• Арьсны өвчнүүд / харшил, мэдрэлийн гаралтай хайрст үлд, арьсны батга,/
• Ясны сийрэгжилт
• Нүдний даралт ихсэх
• Таргалалт
ҮНЭ-25000 төгрөг
Утас: 96668571,98237059,70523041

Илгээх хуудас авахад бүрдүүлэх материал :
1. Иргэний эрүүл мэндийн картанд эмчлэгч эмчээр өвчний онош,ямар сувилалд илгээсэн тухай бичилт хийлгэсэн байх\
2. Иргэний үнэмлэх, эрүүл мэндийн даатгалын дэвтэр /шимтгэл төлсөн байх/
3. Илгээх хуудасны үнэ 1000 төгрөгтэй ирэх

Илгээх хуудсыг авсны дараа:
1. Эмчлэгч эмчээр / Нэгдсэн эмнэлэг, сум, өрхийн ЭМТ-ийн эмч/ илгээх хуудсандаа бичилт хийлгэнэ
2. Нийгмийн даатгалын хэлтэс дээр очиж ЭМД-ын шимтгэл төлсөн тухай баримтжуулан тэмдэг даруулна
3. Илгээх хуудасны арын хэсгийн санамжийг сайтар уншиж танилцах