​САЙНШАНД САЛХИН ПАРКИЙН БАРИЛГА УГСРАЛТЫН АЖИЛ ДОЛДУГААР САРД ЭХЭЛНЭ
5 сар, 2 долоо хоног өмнө


Сайншанд сумаас зүүн тийш арваад км-т Улаантолгойн хөндийд 55 МВт-ын чадалтай салхин цахилгаан станцыг барихаар болоод байгаа билээ. Салхин паркийн барилга угсралтын ажил ирэх долдугаар сард эхэлнэ. Салхин парк ашиглалтанд орсноор цэвэр эрчим хүчний үйлдвэрлэлийг нэмэгдүүлэн, ажлын байр шинээр бий болгон, үндэсний болон орон нутгийн эдийн засагт эерэг нөлөө үзүүлэх аж. Сайншанд салхин парк төслийн гол хөрөнгө оруулагчаар ХБНГУ-ын Ферростаал, Францын Энжи компани ажиллаж байгаа юм. Төслийн нийт хөрөнгө оруулалтын хэмжээ нь 120 сая орчим Ам.Доллар ба тус салхин цахилгаан станц ашиглалтанд орсноор 200 сая кВт.ц цахилгааныг Монгол улсын төвийн эрчим хүчний системд нийлүүлэх юм.


Өнөөдөр Аймгийн Засаг дарга Т.Энхтүвшин Сайншанд Салхин Парк ХХК-ний захирал Р.Давааням, Энжи Монголия ХХК-ний Бизнес хөгжлийн захирал Томас Папазов нарыг хүлээн авч уулзлаа. Энэ үеэр орон нутгийн хөгжлийг дэмжих санамж бичигт хоёр тал гарын үсэг зурсан байна. Тус санамж бичигт байгаль орчныг хамгаалах, нөхөн сэргээх, дэд бүтцийн хөгжилд хувь нэмрээ оруулах, орон нутгийн иргэдийн амьжиргааг сайжруулах, ажил эрхлэлтийг нэмэгдүүлэх, соёлын өвийг хамгаалах, орон нутгийн төсөвт татвар төлөх зэрэг асуудлыг тусгажээ.