СПОРТЫН МАСТЕР Ж.БАЯР-ОТГОН ДАСГАЛЖУУЛАГЧТАЙ ДОРНОГОВЬ АЙМГИЙН БАГ ТҮРҮҮЛЛЭЭ
10 сар, 1 долоо хоног өмнө

Аймгийн Биеийн тамир, спортын газар, Боксын холбоотой хамтран зохион байгуулсан холимог насны боксчдын Дорноговь аймгийн аварга шалгаруулах тэмцээн өнгөрөгч өдрүүдэд явагдлаа. 2017 оны тэмцээнд Улаанбаатар хотын “Хилчин” спорт хороо, “Ихэр бээлий” боксын клуб, “Ко” клуб, Төрөлжсөн сургалттай спортын дунд сургууль зэрэг 4 байгууллагын баг тамирчид, Дорноговь аймаг, Говьсүмбэр аймгийн “Хаялга” клуб, Замын-Үүд сумын “Амжилтын Үүд” клубуудын нийт 7 байгууллагын 90 ширэн бээлийтэн тулалдлаа.


Эдгээрээс нийлбэр дүнгээр спортын мастер Ж.Баяр-Отгон дасгалжуулагчтай Дорноговь аймгийн баг тэргүүн байрт, спортын мастер С.Дашбурмаа дасгалжуулагчтай Спортын дунд сургуулийн баг дэд байрт, гуравдугаар байрт спортын мастер Б.Ирээдүй дасгалжуулагчтай Замын-Үүд сумын “Амжилтын Үүд” боксын клубын баг шилдгээр шалгарлаа. Амйгийн аварга шалгаруулах тэмцээний шилдэг тоглогчоор Дорноговь аймгийн тамирчин Э.Сүх-Эрдэнэ тодорсон юм.


2017 оны холимог насны аймгийн аварга шалгаруулах тэмцээний онцлог нь нээлттэй явагдсан гэдгээрээ хамрах цар хүрээний хувьд өргөн болж өнгөрлөө. Энэ удаагийн тэмцээний хамтран зохион байгуулагчаар “Хаан банк” ажиллалаа. Тэмцээнд оролцсон нийт баг, тамирчид болон спортыг дэмжигч хувь хүн, албан байгууллагуудад талархал илэрхийлье. Дорноговь нутгаас олон улс, тив, дэлхий, олимпийн рингэнд алдраа мандуулсан олон шилдэг ширэн бээлийтэн төрөн гарах болтугай.

эх сурвалж:Аймгийн БТСГазар