​“СЭЛЭНГЭ-2017” БАЙЛДААНЫ БУУДЛАГАТАЙ ХЭЭРИЙН СУРГУУЛИЛТ ЭХЭЛЛЭЭ
2 сар, 3 долоо хоног өмнө


ОХУ, Монгол улсын Зэвсэгт хүчний хамтарсан "Сэлэнгэ 2017" байлдааны буудлагатай хээрийн сургуулилтын нээлт өнөөдөр Зэвсэгт хүчний 336-р ангийн хээрийн байрлалд боллоо. Нээлтийн үйл ажиллагаанд Батлан хамгаалахын дэд сайд Т.Дуламдорж, Зэвсэгт хүчний жанжин штабын орлогч дарга, хошууч генерал Ж.Бадамбазар, ОХУ-аас Монгол улсад суугаа ЭСЯ-ны зөвлөх М.Е.Григорьевич, ОХУ-ын ЭСЯ-ын цэрэг, агаарын цэргийн атташе, хурандаа Г.М.Сулимук, Сэлэнгэ-2017 сургуулилтын Монгол талын удирдагч, Бригадын генерал Х.Даваацэрэн, Сэлэнгэ-2017 сургуулилтын ОХУ-ын талын удирдагч Дорнод цэргийн тойргийн 36-р армийн командлагч, хошууч генерал Д.И.Коваленко, Аймгийн Засаг дарга Т.Энхтүвшин, Цэргийн штабын дарга Л.Баатар нар болон Монгол улс, ОХУ-ын Зэвсэгт хүчний албан хаагчид, Зүүнбаян багийн иргэд оролцсон юм.

Тус хээрийн сургуульд Монгол улсын Зэвсэгт хүчний 26 анги, байгууллагын 700, ОХУ-ын 500 гаруй офицер, ахлагч, гэрээт цэргүүд оролцож байгаа аж. Хоёр улсын Зэвсэгт хүчний хамтарсан сургууль долоо дахь жилдээ зохион байгуулагдаж буй бөгөөд энэ удаагийнх говь, тал хээрийн бүсэд явагдаж байна. “Сэлэнгэ-2017” хээрийн сургуулилтын хүрээнд Цэргийн дуу бүжгийн эрдмийн дуу бүжгийн чуулгын тоглолт, хоёр улсын цэргийн алба хаагчдын нөхөрсөг тэмцээн, Монгол цэргийн музейн үзвэр, зэвсэг техникийн үзэсгэлэн, хээрийн сургуулилтын байлдааны буудлага зэрэг арга хэмжээн зохион байгуулагдана. Дашрамд дуулгахад 40 жилийн өмнө буюу 1977 онд Дорноговь аймгийн Сайхандулаан, Дундговь аймгийн Өндөршил сумдын нутаг дэвсгэрт "Говь-77" Орос, Монголын хамтарсан хээрийн сургуулилтыг зохион байгуулж байжээ. Энэ удаагийн сургуулилт 9-р сарын 6-ныг дуустал үргэлжилнэ.

Дэлгэрэнгүй мэдээллийг Дорноговь телевиз DTV-ээр юнивишний 963, ддиш-ийн 82-р сувгаар хүлээн авч үзээрэй.