Хогийн цэгээс хуванцар сав түүж ЭКО ХҮЛЭМЖ барьжээ
4 сар, 4 долоо хоног өмнө

Хог хаягдлыг эх үүсвэр дээр нь ангилан хаяхын ач холбогдлыг хүүхэд залууст ухамсарлан ойлгуулах зорилгоор Дорноговь аймгийн Сайншанд сумын Зүүнбаян багийн Д.Лхагвасүрэн гэх залуу 6210ширхэг 0,5 литрийн усны саваар 3*10 метрийн хэмжээтэй хүлэмжийг 25 хоногийн хугацаанд барьж дуусгажээ. Хүлэмжийг хийж угсрах хугацаанд зарим үед найзууд, гэр бүлийнх нь хүмүүс тусласан байна.


Эко хүлэмж хэмээн нэрлэсэн нь учиртай. Хог хаягдлыг эх үүсвэр дээр нь ялган ангилснаар дайвар хог хаягдлыг бүтээлч байдлаар дахин ашиглах, ангилсан хог хаягдал нь дахин боловсруулах үйлдвэрүүдэд хялбар хүрэх, хогын цэгт хаягдах хэмжээ нь буурч, байгаль орчинд тулгараад буй хүндхэн асуудлыг тодорхой хэмжээгээр бууруулах боломж байдаг. Эдгээр боломжуудын талаар интернэтээс мэдээлэл хайж санаагаа хэрэгжүүлжээ.


Ирэх 7 хоногт өөрийн гараар барьсан шинэхэн хүлэмжиндээ огурци, помидор зэрэг хүнсний ногоогоо тарихаар бэлтгэл ажлаа хангаж байна. Тэрээр экологич мэргэжилтэй бөгөөд 2016 онд Зориг сангаас зохион байгуулсан орон нутгийн байгаль орчны манлайлал хөтөлбөрт аймгаа төлөөлөн оролцож байсан юм.


Хуванцар саваар хүлэмж барих санааг хаанаас олов?

Ийм туршлагууд гадаадад их байдаг юм билээ. Миний ажиллаж байсан компанид цэвэр усны хаягдал сав их гардагаас гадна хүмүүс уусан ундаа, цэвэр усныхаа савыг хэрэгцээгүй гэж үзэн шууд хогын саванд хаядаг. Тийм болохоор хүлэмж хийж үзье гэж бодсон. Маш их интернэтээр мэдээлэл хайж, судласан. Өөр улс оронд цаг агаарын нөхцөл байдлаас хамаараад арай хэврэг хийдэг санагдсан. Манай говь бол өөр шүү дээ. Заримдаа салхитай, зундаа халуун болохоор өөрчлөөд бат бэх байхаар шийдэж савнууд дундуураа төмөр утсаар бэхэлгээ хийж өгсөн.

Саваа цуглуулсан гэсэн үг үү? Нэг ижил төрлийн хэмжээтэй сав байна лээ. Эсвэл худалдаж авсан юм уу?

Үгүй. Худалдаж авбал миний хэлэх гээд байгаа санаа минь утгагүй болно. Тийм болохоор 1700 ширхэг савыг нь хогийн цэг дээрээс түүгээд, үлдсэн 4500 ширхэг савыг нь Коже говь компани дээрээс ангилан ялгаж авсан.

Хэдий хэр хугацаа орсон бэ?

3 сар орчим л болсон доо.

Хүлэмж барьсан туршлагыг хүмүүс их сонирхож байгаа харагдсан. Өөр аймгуудад иргэд энэ төрлийн хүлэмж хийх бололцоо хэр байгаа гэж бодож байна вэ?

Бүрэн боломжтой. Одоо Зүүнбаянд эко хүлэмж хийе гэсэн санаачилгатай ганц нэг иргэдийг дэмжиж хуванцар савыг нь компаниас нийлүүлж өгье гэж бодож байна. Бусад аймгуудад ч мөн ялгаагүй маш бага зардлаар хүлэмж бариад өрхийн хэрэгцээний хүнсний ногоогоо хангах нөхцөл байгаа гэдгийг хэлмээр байна. Би байгальд хайртай. Тийм болохоор эрүүл, цэвэр байгаасай гэж хүсдэг.