"Хутагтын хурд"-2017 уралдааны тойм
8 сар, 2 долоо хоног өмнө

“Хутагтын хурд-2017” аймгийн хаврын бүсийн уралдаан амжилттай зохион байгуулагдлаа. Хурдан морины уралдааныг аймгийн Засаг даргын А/159 захирамжийн дагуу Сайншанд суманд азарга, их нас, соёолон 3 насны ангиллаар явуулсан бөгөөд засаг даргын захирамжид мал амьтны гоц халдварт өвчний голомттой буй Сүхбаатар, Хэнтий аймгуудын хурдан морьдыг уралдуулахыг хориглосон боловч морьд хайртай ард түмний хандлагыг өөрчилж чадсангүй. Тус уралдаанд Улаанбаатар хот, Дорноговь, Хэнтий, Говьсүмбэр, Сүхбаатар аймгийн уяачдын нийт 380 морьд уралдаж, 210 уралдаанч хүүхэд оролцжээ. Уралдааны явцад 221 дугаартай, 066 дугаартай 8-10 насны хоёр хүүхэд унаж хөнгөн гэмтэл авсан ба эмчийн үзлэгт хамруулж эмнэлгийн анхны тусламжийг газар дээр үзүүлжээ. Энэ жилийн “Хутагтын хурд”-2017 уралдаанд амжилттай хурдалсан хурдан хүлгүүдийн жагсаалтыг та бүхэнд хүргэж байна.

“Хутагтын хурд”-2017 азарганы уралдаанд 116 хурдан азарга уралдааны замд гарсанаас 052 дугаартай Алтанширээ сумын М.Ууганбаярын сартай зээрд түрүүлж, аман хүзүүнд 207 дугаартай Зүүнбаян багийн Б.Батнямын хүрэн удаалж, айргийн гуравт 228 дугаартай Хэнтий аймгийн Баянхутаг сумын Н.Батжаргалын хонгор будан, айргийн дөрөвт 129 дугаартай Иххэт сумын Ю.Батмөнхийн хонгор, айргийн тавд 112 дугаартай Говьсүмбэр аймгийн Г.Баярмагнайн сартай хүрэн тус тус хурдалж уясан эзэн, унасан хүүхэд, хурсан олныг баясгалаа.

Хурдан их насны уралдаанд 134 морь уралдааны замд гарсанаас Сүхбаатар аймгийн Эрдэнэцагаан сумын 092 дугаартай Х.Лутбаярын хар түрүүлж, Дорноговь аймгийн Дэлгэрэх сумын 146 дугаартай Г. Ширчиний хээр аман хүзүүдэж, айргийн гуравт Дорноговь аймгийн Дэлгэрэх сумын 078 дугаартай У.Батжаргалын зээрд, айргийн дөрөвт Говьсүмбэр аймгийн Шивээ говь сумын 240 дугаартай Х.Төмөрбаатарын хүрэн, айргийн тавд Увс аймгийн Өндөрхангай сумын 071 дугаартай С.Сандагдоржийн хээр морь тус тус хурдаллаа.

Хурдан соёолон насны уралдаанд 118 соёолон уралдсанаас Говь-Алтай аймгийн Дэлгэр сумын 056 дугаартай О.Мөнхбаатарын хээр түрүүллээ. Харин аман хүзүүнд Дорноговь аймгийн Даланжаргалан сумын 167 дугаартай Д.Ганболдын сартай хонгор, айргийн гуравт Дорноговь аймгийн Иххэт сумын 129 дугаартай Н.Батмөнхийн зээрд, айргийн дөрөвт Дундговь аймгийн Өндөршил сумын 166 дугаартай Ш.Дашжамцийн шарга, айргийн тав Дорноговь аймгийн Дэлгэрэх сумын 169 дугаартай О.Батжаргалын хонгор тус тус хурдалж торгон жолоогоо өргөлөө.