​Хөх цавын цемент шохойны үйлдвэрт ажлын байр зарлагдлаа
10 сар, 2 долоо хоног өмнө


Монгол Улсын нийгэм, эдийн засгийн хөгжилд уул уурхайн салбарын гүйцэтгэх үүрэг өсөн нэмэгдэж байгаа өнөө үед Дорноговь аймгийн Даланжаргалан суман дахь “Монголын алт” ХХК-ийн Хөх цавын цемент шохойн үйлдвэрийн ажиллагсдыг бэлтгэх, орон нутгийн иргэдийг мэргэжлийн сургалтад хамруулах, мэргэжил эзэмшүүлэх, ажлын байраар хангах, орон нутгийн нийгэм, эдийн засгийг дэмжих, байгууллага хоорондын түншлэлийг бэхжүүлэх зорилгоор 2016 оны 12 дугаар сард Дорноговь аймгийн Засаг даргын Тамгын газар, “Монголын Алт” ХХК-тай хамтран ажиллах гэрээг байгуулсан.

Тус гэрээний хүрээнд “АЖЛЫН БАЙР-АМЬДРАЛЫН БАТАЛГАА” хөдөлмөрийн яармаг 1 дүгээр сарын 12-ны өдөр 11 цагаас аймгийн хүүхдийн ордонд болох гэж байна. Хөх цавын цемент шохойн үйлдвэр ашиглалтад орсноор үйлдвэр болон уурхайн хэсгүүдэд нийт 532 ажлын байр шинээр бий болох аж. Орон нутгийн зүгээс тавьсан хүсэлтийн дагуу Монголын алт” ХХК-ийн Хөх цавын цемент шохойн үйлдвэрийн нийт ажилтнуудын 50 орчим хувийг орон нутгийн болон ойр орчмын сумдын иргэдээс сонгон шалгаруулж ажлын байраар хангах юм.


Энэ ажлын хүрээнд Хөдөлмөр, халамж үйлчилгээний газарт бүртгэлтэй идэвхтэй ажил хайгч 20-45 хүртэлх насны иргэдээс Даланжаргалан сумын хөх цавын цементийн үйлдвэрт ажиллах хүний нөөцийг доорх ажлын байранд бүртгэхээр болсон байна. Үүнд:

/Жич: Оршин суугаа багийн Засаг даргын тодорхойлолттой ирж бүртгүүлнэ./
1.Бункерчин /Хүдэр хүлээн авах, хянах/
2.Бутлуурчин /Хүдэр бутлах үүргийг хянах/
3.Конвейерийн машинч /Хүдэр дамжуулалтын үйл явцыг хянах/
4.Стайкерийн оператор /Агуулахад хүдрийн хуваарилалтыг хянах/
5.Рекламерийн оператор /Агуулахын овоолгыг жигд тараан дамжуулах үүргийг хянан ажиллана/
6.Краны оператор /Холимгийн агуулахад буусан хүдрийн хольцыг жигд бункерт хуваарилан ачаалах үүргийг хянан ажиллана/
7.Тээрмийн оператор /Хүдрийг жигд нунтаглах процессийг хянан ажиллана.
8.Урьдчилан халаах болон зуухны оператор /Урьдчилан халаан ангилагч болон зуухны шаталтын температурыг жигд барьж, шаардлага хангасан клинкер гаргах процессыг хянах үүрэгтэйгээр ажиллана/
9.Савлах хэсгийн оператор /Савлах хэсгийн дамжлагын үйл ажиллагааг хянан ажиллах үүрэгтэй ажиллана/
10.Туслах ажилтан /Бутлуур, тээрэм, савлах, ачилтын хэсгийн үйл ажиллагааны ажилд оролцоно/

Нөөцөд бүртгэгдсэн иргэдийг 2017 оны 1-р сарын 14-ний өдөр нарийн мэргэжлийн эмчийн үзлэгт хамруулж, 2017 оны 1 дүгээр сарын 16-ний өдрөөс 14 хоногийн богино хугацааны сургалтыг зохион байгуулж, чадамжийн гэрчилгээг олгоно.