ХӨХ ЦАВЫН ЦЕМЕНТ ШОХОЙН ҮЙЛДВЭРИЙН АЖИЛЛАХ ХҮЧНИЙГ ОРОН НУТГААС БЭЛТГЭНЭ
11 сар өмнө

Өнөөдөр Аймгийн Засаг дарга Т.Энхтүвшин Монголын алт ХХК-ний тэргүүн дэд захирал Г.Цогт тэргүүтэй төлөөлөлийг Аймгийн ЗДТГ-ын ёслол хүндэтгэлийн танхимд хүлээн авч уулзлаа. Уулзалтаар Аймгийн засаг дарга Т.Энхтүвшин “Монгол алт ХХК-ийн Хөх цавын цемент шохойн үйлдвэрийн ажиллагсдыг орон нутгаас бэлтгэх талаар ярилцахаас гадна, уурхайн үйлдвэр дагасан тосгоныг түшиглэн сумын хүн ам, эдийн засгийн чадамжтай уялдуулан төлөвлөх нь зүйтэй” гэдгийг онцолсон юм. “Монголын алт” ХХК нь Дорноговь аймагт Даланжаргалан суманд Алагтолгойн нүүрс, Хөх цавын шохой, Мандах сумын Цагаан суваргын зэс молибдены ордын тусгай зөвшөөрлийг эзэмшдэг юм.Одоогоор Даланжаргалан сумын Алагтолгойн ордын Элдэвийн нүүрсний уурхай хаалтын үе шатандаа явж байна. Харин Хөх Цавын цемент шохойн үйлдвэрийг шинэ технологийг нэвтрүүлэн барьж байгаа бөгөөд ирэх оны хавраас ажилчдаа авч туршилтын олборлолт хийх юм. “Хөх Цавын Цемент-Шохойн үйлдвэр” нь дэлхийн цементийн үйлдвэрлэлийн технологийг тодорхойлогч FLSmidth компанийн тоног төхөөрөмжөөр иж бүрэн тоноглогдож байгаа бөгөөд жилд 1 сая тонн цемент, 100 мян.тонн шохой, 1 сая тонн клинкер үйлдвэрлэх хүчин чадалтай Монголын анхны европ стандартын цементийн үйлдвэр болох аж. Өнөөдрийн байдлаар тус үйлдвэрт 340 ажлын байр шаардлагатай байгаа юм. Иймд Монгол алт ХХК-аас аймгийн МСҮТ-д уул уурхайн чиглэлээр суралцаж буй суралцагчдаас ажиллах хүчнээ бүрдүүлэхээр ирэх оны эхээр нээлттэй өдөрлөгийг зохион байгуулж үйл ажиллагаагаа танилцуулах юм байна. Уулзалтын төгсгөлд Дорноговь аймаг, “Монгол Алт” ХХК-ийн хооронд хамтран ажиллах гэрээнд гарын үсэг зурлаа. Энэхүү гэрээнд Дорноговь аймгийн Даланжаргалан суман дахь “Монголын Алт” ХХК-ийн “Хөх цавын цемент” шохойн үйлдвэрийн ажиллагсдыг бэлтгэх, орон нутгийн иргэдийг мэргэжлийн сургалтанд хамруулж мэргэжил эзэмшүүлэх, ажлын байраар хангах замаар орон нутгийн нийгэм, эдийн засгийг дэмжих, үйлдвэрлэл, сургалт болон МСҮТ-ийн ажлын уялдаа холбоог сайжруулах, байгууллага хоорондын түншлэлийг бэхжүүлэх зэрэг асуудлыг тусгасан байна.