ЦАГДААГИЙН ГАЗАР ХОЁР АВТОМАШИН, 6 МОТОЦИКЛЬТАЙ БОЛЛОО
3 сар, 2 долоо хоног өмнө


Өнөөдөр орон нутгийн хөрөнгө оруулалтаар Аймгийн Цагдаагийн газарт 2 автомашин, 6 мотоцикль, хоёр хурд хэмжигчийг гардуулан өгөх үйл ажиллагаа Аймгийн төв талбайд боллоо. Энэхүү үйл ажиллагаанд Дорноговь аймгийн Засаг дарга Т.Энхтүвшин, Аймгийн Цагдаагийн газрын дарга Г.Эрдэнэбаатар, цагдаагийн газрын бие бүрэлдэхүүн оролцсон юм. 2017 онд Цагдаагийн албаны тухай хууль шинэчлэн батлагдаж цагдаагийн албаны бүтэц, зохион байгуулалт, үйл ажиллагааны эрх зүйн орчинд нилээд өөрчлөлт орсон томоохон шилжилтийн үйл явдал болсон. Энэхүү нөхцөл байдалтай уялдуулан Аймгийн эдийн засаг, нийгмийг 2017 онд хөгжүүлэх үндсэн чиглэлд Аймгийн Цагдаагийн байгууллагын үйл ажиллагааг дэмжих зорилт тусгагдсаны дагуу өнөөдөр Аймгийн Цагдаагийн газарт 2 автомашин, 6 мотоцикль, хоёр хурд хэмжигчийг гардуулан өглөө.

Энэ үеэр Цагдаагийн Ерөнхий газрын даргын 2017 оны 7-р сарын 3-ны өдрийн Б/291-р тушаалаар Дорноговь аймгийн Цагдаагийн газрын зарим албан хаагчдад цагдаагийн цол олгосон юм. Цагдаагийн Дэд хурандаа цолоор Айраг сум дахь сум дундын цагдаагийн тасгийн дарга Ц.Мөнхбатыг, Цагдаагийн хошууч цолоор Дорноговь аймгийн Цагдаагийн газрын эрүүгийн ахлах мөрдөгч Ч.Ганзориг, ахлах мөрдөгч Д.Ган-Эрдэнэ, Замын-Үүд сум дахь сум дундын цагдаагийн хэлтсийн ахлах зохицуулагч Д.Төгөлдөр, Аймгийн цагдаагийн газрын жижүүрийн ахлах офицер С.Дашдорж, Замын-Үүд сум дахь сум дундын цагдаагийн хэлтсийн Шүүх, шүүгчийн аюулгүй байдлыг хангах ажил хариуцсан ахлах байцаагч Д.Жаргал нарыг цагдаагийн ахмад цолоор 6 албан хаагчийг, цагдаагийн ахлах дэслэгч цолоор 4 албан хаагчийг Цагдаагийн Ерөнхий газрын “Хүндэт жуухаар” 2 албан хаагчийг, “Баярын бичиг”-ээ 2 албан хаагчийг тус тус шагнасан юм.

Аймгийн Засаг дарга Т.Энхтүвшин “хуулиар хүлээсэн үүргээ биелүүлж гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх, нийтийн хэв журмыг сахиулах, олон нийтийн аюулгүй байдлыг хангахад аймгийн Цагдаагийн газарт орон нутгийн удирдлагын зүгээс цаашид ч дэмжлэг үзүүлнэ” гэдгээ энэ үеэр хэлсэн үгэндээ онцолж байсан юм.