ЭЛЭГНИЙ ХАВДРААР ӨВЧЛӨГСДИЙН 62,5% НЬ ЭРЭГТЭЙЧҮҮД БАЙНА
6 сар, 3 долоо хоног өмнө


Манай аймгийн хувьд элэгний өвчлөл зонхилох өвчлөлийн дээгүүрт бичигддэг байна. Статистик үзүүлэлтээс харахад 2011-2015 онд хавдрын 506 тохиолдол бүртгэгдсэнээс үзэхэд жилд дунджаар 101 хүн хавдраар өвчилж байна. Нийт хавдарын 39,7%-ийг элэгний хавдар эзэлж байгаа юм. Элэгний хавдраар өвчилөгсдийг хүйсээр нь авч үзвэл 62,5% нь эрэгтэй, 37,5% нь эмэгтэй эзэлж байна. Үүнээс урьдчилсан сэргийлэхийн тулд элэгний В, С вирусын шинжилгээ хийлгэх шаардлагатай аж. Энэ сарыг дуустал өрхийн эрүүл мэндийн төвд эрүүл мэндийн даатгалтай 40-65 насны хүн амд В,С вирусны шинжилгээг хийх юм байна. Дашрамд дурдахад өнгөрсөн жил нийт зорилтот бүлгийн 40 гаруй хувийг эрт илрүүлгийн шинжилгээнд хамруулаад байгаа бол ирэх жил 15-39 насны иргэдийг шинжилгээнд хамруулах юм. Хэрэв В, С вирус илэрсэн тохиолдолд баталгаажуулах шинжилгээг хийлгэж эмчилгээ хийлгэх юм байна. Өнөөдөр аймгийн Биеийн тамир спортын газарт “Элэг бүтэн Монгол” үндэсний хөтөлбөрийн нээлтийн үйл ажиллагаа боллоо.


Тус үйл ажиллагаанд Аймгийн ЭМГ, Нэгдсэн эмнэлэг, Эрүүл мэнд Нийгмийн даатгалын газар, Оюутан эмнэлэг, өрхийн ЭМТ-үүд, эм эргэлтийн сан зэрэг байгууллага оролцсон юм. 2020 он гэхэд Монгол улс элэгний гепатит В вирусыг бүрэн устгах зорилт тавьсан байна. Энэхүү хөтөлбөрийн хүрээнд иргэдэд эрүүл мэндийн боловсрол олгох сургалт сурталчилааны ажлыг зохион байгуулах юм. Аймгийн ЭМГ-аас “Элэг бүтэн Дорноговь” дэд хөтөлбөрийн төслийг бэлтгээд байгаа бөгөөд Аймгийн ИТХ-ын ээлжит хуралдаанаар хэлэлцүүлэх аж.