​ЭРДЭНЭ СУМЫНХАН ХУРДАН ТЭМЭЭ, ТОРОМ, ШИЛМЭЛ БУУР, ИНГЭ ШАЛГАРУУЛАВ
10 сар, 1 долоо хоног өмнө


Эрдэнэ сумын малчдын нэгдсэн сургалт өдөрлөгийн хүрээнд уламжлал болсон арга хэмжээ болох хурдан тэмээний уралдаан, шилмэл буур, ингэ, сайхан тэмээтэй хос шалгаруулах арга хэмжээнүүд болсон юм. Энэ жилийн хурдан тэмээний уралдаанд тус сумын малчдын тэмээнээс гадна Өргөн, Улаанбадрах сумын малчдын хурдан тэмээ оролцсон байна. Хурдан тэмээний уралдаанд 25 тэмээ уралдсанаас Улаанбадрах сумын уяач Б.Мөнх-Эрдэний улаан, Эрдэнэ сумын уяач Б.Алтанзулын хар, Улаанбадрахын Т.Тэгшжаргалын хүрэн, О.Эрдэнэсумъяагийн улаан, Г.Төрсүрэнгийн хүрэн тэмээ тус тус айргийн тавд орсон юм. Харин хурдан торомны уралдаанд 21 тором уралдсанаас Бүрдэнэ багийн уяач Г.Алтанхуягийн бор, Улаан бадрах сумын уяач Ариунболд хүрэн, Сайхан дулаан сумын Б.Ганмандал хар, Эрдэнэ сумын Х.Ганхуягийн улаан, Д.Гомбын хүрэн торомнууд эхний тавд хурдаллаа.


“Тэмээтэй сайхан хос”-ын тэмцээнд долоон хос өрсөлдсөнөөс Дөрвөлж багийн хос Д.Ганзориг, Ё.Ариунаа, Өргөн сумын хос Ч.Эрдэнэбаяр, Адъяасүрэн нар шалгарлаа. “Шилмэл ингэ”-ээр Өргөн сумын малчин Ч.Намсрайн улаан ингэ, Улаанбадрах сумын малчин Д.Золжаргалын хүрэн ингэ, “Шилмэл буур”-ын төрөлд Цагаанхөтөл багийн малчин Р.Эрдэнэбаатарын хар буур, Еншөөв багийн малчин Ш.Өлзийтүвшингийн хүрэн буур тус тус шалгарсан. Тэмээн полонд дөрвөн баг өрсөлдсөнөөс Еншөөв баг 1-р байр, Бүрдэнэ баг 2-р байрыг эзэлсэн байна. Мөн “Монгол наадгай” тэмцээнд Еншөөв баг түрүүлж, Дөрвөлж баг дэд байранд шалгарчээ. Тус арга хэмжээний хүрээнд уламжлал болгон зохион байгуулагддаг “Иргэн бүр санаачлагч-өрх бүр үйлдвэрлэгч” үзэсгэлэн худалдаанд нийт 45 малчин, жижиг дунд үйлдвэрлэгч оролцсон юм. Цагаан идээний төрлөөр Бүрдэнэ багийн малчин Г.Алтантогтох тэргүүлж, Дөрвөлж багийн малчин Г.Эрдэнэбаяр дэд байранд шалгарсан байна. Шилдэг бүтээгдэхүүний төрөлд Улаан-Уул багийн иргэн У.Ган-Эрдэнэ тэргүүлж, Бүрдэнэ багийн малчин Б.Даваасүрэн дэд байранд шалгарчээ.