​2226 ИРГЭН ЭЛЭГНИЙ В, С ВИРУСЫН ЭРТ ИЛРҮҮЛГИЙН ҮЗЛЭГ ОНОШИЛГООНД ХАМРАГДААД БАЙНА
5 сар, 3 долоо хоног өмнө


Монгол улсын засгийн газраас “Элэг бүтэн Монгол” хөтөлбөрийг улс орон даяар хэрэгжүүлж байна. Энэхүү хөтөлбөрийн хүрээнд Дорноговь аймгийн ИТХ-ын тэргүүлэгчдийн хуралдаанаар “Элэг бүтэн Дорноговь” дэд хөтөлбөр батлагдсан. Өнөөдөр Аймгийн төв талбайд “Элэг бүтэн Дорноговь” нээлттэй хаалганы өдөрлөг боллоо. Өдөрлөгт УИХ-ын гишүүн Б.Дэлгэрсайхан, Г.Мөнхцэцэг, аймгийн удирдлагууд ард иргэдийн төлөөлөл оролцсон юм. Нээлттэй өдөрлөгт аймгийн Нэгдсэн эмнэлгийн явуулын лаборатори, эхо аймгийн төв талбайд байрлаж үзлэг оношилгоо хийсэн бол Сайншанд сумын өрхийн эрүүл мэндийн төвүүд зөвлөгөө мэдээлэл өгч эмийн сангууд элэгний В,С вирусын эм бэлдмэлийг танилцуулсан юм. Мөн аймгийн Эрүүл мэнд, Нийгмийн даатгалын хэлтсээс Эрүүл мэндийн даатгалын сангаар эмнэлгийн ямар тусламж үйлчилгээг авч болох талаар мэдээлэл танилцуулга хийсэн байна.


Өнөөдрийн байдлаар Дорноговь аймагт “Элэг бүтэн Монгол” хөтөлбөрийн эхний үе шат болох 40-65 насны 11 мянга гаруй иргэн байна. “Элэг бүтэн Монгол” хөтөлбөр хэрэгжиж эхэлснээс хойш 2226 иргэн эрт илрүүлгийн үзлэг оношилгоонд хамрагдсанаас 441 нь элэгний B,C вирусын халдвартай нь тогтоогдож Эрүүл мэндийн даатгалаараа эмчилгээнд хамрагдаж эхлээд байгаа аж.


Мөн нээлттэй хаалганы өдөрлөгийн үеэр Эрүүл мэндийн яамны хөрөнгө оруулалтаар Замын-Үүд, Эрдэнэ, Мандах, Даланжаргалан сумдын эрүүл мэндийн төвийн түргэн тусламжийн машиныг шинэчилж туулах чадвар сайтай фургон автомашины түлхүүрийг гардуулан өглөө.


Элэгний В,С вирусын шинжилгээг өрхийн эрүүл мэндийн төвүүдэд авч байгаа бөгөөд В, С вирус илэрсэн тохиолдолд баталгаажуулах шинжилгээг Аймгийн нэгдсэн эмнэлэгт хийж байгаа юм байна. Элэг бүтэн Дорноговь хөтөлбөрийн хүрээнд зөвхөн эрт илрүүлгийн үзлэг шинжилгээ хийгээд зогсохгүй иргэдэд эрүүл мэндийн боловсрол олгох сургалт сурталчилааны ажлыг зохион байгуулахаар төлөвлөжээ.