30мВт ХҮЧИН ЧАДАЛТАЙ ​НАРНЫ ЦАХИЛГААН СТАНЦЫН ШАВ ТАВИХ ЁСЛОЛ БОЛЛОО
7 сар өмнө


Дорноговь аймгийн Сайншанд хотод баригдах Монголын хамгийн том 30мВт хүчин чадалтай нарны цахилгаан станцын шав тавих ёслол өнөөдөр боллоо. Өнөөдрийн шав тавих ёслолын үйл ажиллагаанд Аймгийн ИТХ-ын дарга С.Түмэнбаяр, Засаг дарга Т.Энхтүвшин, Дезерт Солар Пауэр Вуан ХХК-ний захирал Э.Батзаяа, Хавиер Лопез Зарракюнос нар болон албаны хүмүүс оролцсон юм.


Тус нарны цахилгаан станцыг Дезерт Солар Пауэр Вуан ХХК Германы хөрөнгө оруулалттай гүйцэтгэх юм. Нарны цахилгаан станцыг барих төслийн ажил 2013 оноос эхэлсэн бөгөөд ийнхүү өнөөдөр шав тавих ёслолоо хийж байгаа юм.


Тус нарны цахилгаан станцыг Сайншанд сумын 3-р багийн нутаг дэвсгэрт 714000м.кв талбайд барих бөгөөд энэ хүрээнд түр болон байнгын 150 гаруй ажлын байр шийнээр бий болох аж. Энэхүү нарны цахилгаан станц нь жил бүр 52,276 сая киловатт цаг цахилгаан эрчим хүч үйлдвэрлэн төвийн эрчим хүчинд нийлүүлэх юм байна. Нарны цахилгаан станцыг барих ажил ирэх 5-р сард эхлэх ба энэ ондоо багтаан барьж дуусгахаар төлөвлөөд байгаа аж.


Мөн өнөөдөр аймгийн төв талбайд зохион байгуулагдсан төрийн байгууллагуудын “Нээлттэй хаалганы өдөрлөг”-ийн үеэр “Дезерт солар пауэр вуан” ХХК аймгийн Засаг даргатай байгуулсан нийгмийн хариуцлагын гэрээний дагуу орон нутгийн иргэдээс бүтээн байгуулалтын ажилд орон нутгаас авах боломжтой хүний нөөцөө бэлтгэх зорилгоор нээлттэй ажлын байранд бүртгэл хийхээс гадна нийгмийн халамж шаардлагатай 5 өрхөд гэр олгож дэмжлэг үзүүлсэн юм.