90 ГАРУЙ САЯ ТӨГРӨГТЭЙ МАШИНЫГ СААТУУЛЖЭЭ
5 сар, 3 долоо хоног өмнө

Өнөөдөр Дорноговь аймгийн нутаг дэвсгэрээр 8893 УБЧ улсын дугаартай соната 6 автомашин их хэмжээний мөнгө тээвэрлээд явж байсныг Дорноговь аймгийн цагдаагийн газраас саатуулаад байна. Тухайн машиныг үзэхэд боодол дотор 90 гаруй сая төгрөг байсныг илрүүлжээ. Уг мөнгийг Улаанбаатар хотын харьяат Хонгор, Мөнхболд гэх 20-22 насны залуучууд тээвэрлэж явсан байна.

Хонгор нь Ардчилсан намын төв штабаас Дорноговь аймагт томилогдон ажиллаж байгаа Сугарсүрэнгийн хүү гэдгийг холбогдох хүмүүс хэлж байна. Сугарсүрэн нь Зам тээврийн сайд асан Гансүхийн туслахаар ажиллаж байжээ. Одоогийн байдлаар машинд нарийвчилсан үзлэг хийж байна хэмээн Дорноговь аймгийн цагдаагийн газрын Олон нийттэй харилцах ахлах байцаагч, хошууч Г.Өлзийсүрэн мэдээллээ.