ДОРНОГОВЬ АЙМАГ ӨМӨЗО-НЫ БУГАТ ХОТТОЙ ХАМТЫН АЖИЛЛАГААГАА ӨРГӨЖҮҮЛНЭ
8 сар, 1 долоо хоног өмнө


Дорноговь аймаг БНХАУ-ын ӨМӨЗО-ны Бугат хоттой олон жил хамтын ажиллагаатай явж ирсэн билээ. Гуравдугаар сарын 15-17-ны өдрүүдэд Аймгийн Засаг дарга Т.Энхтүвшин тэргүүтэй төлөөлөгчид БНХАУ-ын ӨМӨЗО-ны Бугат хот болон Дархан Муу Мянган холбоот хошуунд албан ёсны ажлын айлчлал хийлээ. Айлчлалын хүрээнд Аймгийн засаг дарга Т.Энхтүвшин тэргүүтэй төлөөлөгчдийг Бугат хотын дарга Дү Шүэ Жүн болон албаны бусад хүмүүс хүлээн авч уулзсан юм.

Бугат хотын дарга Дү Шүэ Жүн уулзалтын эхэнд Бугат хотын нийгэм эдийн засгийн байдлын талаарх ерөнхий мэдээллийг танилцуулсан. Үүнд: Бугат хот нь 27.8 мянган хавтгай дөрвөлжин км нутаг дэвсгэртэй, дэргэдээ 9 хошуу, шянь, дүүрэгтэй. 2,7 сая хүн амтай, монгол, хятад, хотон, манж зэрэг 43 үндэстэнтэй. Бугат бол Өвөр монголын баруун хэсгийн хамгийн том бүс нутгийн төв хот гэдгийг онцлоод ган төмөр, хөнгөн цагаан, машин механик үйлдвэрлэх, цахилгаан эрчим хүч, газрын ховор элемент, нүүрс хими зэрэг давуу талтай салбараар онцлог болгосон хүнд аж үйлдвэр, аялал жуулчлалын хот гэдгийг онцолсон юм. Цаашид Дорноговь аймагтай аялал жуулчлал, соёлын салбарт хамтын ажиллагаагаа өргөжүүлэх саналтай байгаагаа дуулгасан юм. Үүний хариуд аймгийн Засаг дарга Т.Энхтүвшин санал нэгтэй байгаагаа уламжлаад эрүүл мэнд, боловсрол, мах махан бүтээгдэхүүний экспорт, хууль хяналт ялангуяа хил дамнасан гэмт хэрэгт хамтарч ажиллах, бүс нутгийн аялал жуулчлалын салбарт харилцаагаа өргөжүүлэн ажиллах сонирхолтой байгаагаа онцоллоо.


Уулзалтын төгсгөлд Дорноговь аймаг болон Бугат хотын хоорондын хамтын ажиллагааны санамж бичгийг үзэглэсэн юм. Санамж бичигт шинжлэх ухаан, соёл, спорт, боловсрол, эрүүл мэнд, үйлдвэрлэлийн салбарт хамтын ажиллагааг эрчимжүүлэх, мэргэжилтэн солилцох, нэрэмжит гудамж талбай, цэцэрлэгт хүрээлэнг бүтээн байгуулах, уул уурхай, газар тариалан, мал аж ахуйн гаралтай бараа бүтээгдэхүүний экспорт, импортыг нэмэгдүүлэх, цаашид бараа бүтээгдэхүүний боловсруулалтыг сайжруулах, хоёр талын аж ахуй нэгжүүдэд дэмжлэг үзүүлэх, аялал жуулчлалын хамтын ажиллагааг эрчимжүүлэх зэрэг асуудлыг тусгасан байна.