​Б.УУГАНБАЯР:ГАМШГААС ХАМГААЛАХ ИЖ БҮРЭН СУРГУУЛИЙГ АЙМАГ, ОРОН НУТГИЙН ОНЦЛОГТОЙ УЯЛДУУЛАН ЗОХИОН БАЙГУУЛНА
2 долоо хоног, 1 өдөр өмнө


Дорноговь аймагт 11 дүгээр сарын 9-11-ний хооронд Гамшгаас хамгаалах иж бүрэн сургууль зохион байгуулагдана. Үүнтэй холбогдуулан бэлтгэл ажлыг хангуулах, мэргэжил аргазүйн зөвлөгөө өгөхөөр ОБЕГ-ын ажлын хэсэг Дорноговь аймагт ажиллаж байгаа юм. ОБЕГ-ын дэд дарга, гамшгаас хамгалаах иж бүрэн сургуулийн удирдагч, хурандаа Б.Ууганбаяртай бэлтгэл ажлын хүрээнд хийгдэж буй ажлууд болоод гамшгаас хамгаалах иж бүрэн сургуулийн талаар ярилцсанаа хүргэе.

ОБЕГ-ын ажлын хэсэг Дорноговь аймагт ажиллаж байна. Гамшгаас хамгаалах иж бүрэн сургуулийн бэлтгэл ажлын хүрээнд аймгийн хэмжээнд олон талт ажлууд зохион байгуулагдаж байгаа. Эдгээр хийгдэж байгаа ажлуудын тухай яриагаа эхэлье?

Энэ удаагийн иж бүрэн сургууль ихээхэн онцлогтой болж байгаа. Гамшгаас хамгаалах бэлэн байдлын улсын үзлэг, мөн гамшгаас хамгаалах иж бүрэн сургууль гэсэн хоёр арга хэмжээ явагдаж байна. Ажлын хэсгийн бүрэлдэхүүн хоёр хэсэгт хуваагдан Алтанширээ, Айраг, Даланжаргалан, Зам-Үүд, Өргөн, Сайншанд, Сайхандулаан, Эрдэнэ сумдад гамшгаас хамгаалах бэлэн байдлын улсын үзлэгийн зохион байгууллаа. Сургуулийг удирдаж байгаа миний бие Айраг, Замын-Үүд сумдад ажилласан. Бэлэн байдлын үзлэгт хамрагдсан аймгийн нийт сумд сумын гамшгаас хамгаалах бэлэн байдлын төлөвлөгөөг боловсруулсан, мэргэжлийн ангийн бие бүрэлдэхүүнийг томилгоожуулсан, сургалт зохион байгуулсан, зарлан мэдээллийн журам бий болгосон, шаардлагатай нөөц бүрдүүлсэн зэрэг гамшигтай тэмцэх чиглэлээр бэлэн байдлыг хангах чиглэлээр тодорхой ажлууд хийгдсэн, жигдрэлт шаардлага хангах түвшинд байна. Гэхдээ зарим сумдад цаашид анхаармаар, бэлэн байдлыг дээшлүүлэх чиглэлээр хийх ажлууд байна. Ажлын хэсгийн бүрэлдэхүүн тухай бүр заавар чиглэлийг өгч ажилласан.

Мөн үзлэгийн явцад ажлын хэсгээс тухайн орон нутгийн төрийн албан хаагч, мэргэжлийн ангийн бие бүрэлдэхүүн, ард иргэдэд гамшгаас хамгаалах чиглэлээр сургалтуудыг зохион байгууллаа. Замын-Үүд сум бусад сумдтай харьцуулбал томоохон дэд бүтэц хөгжсөн, мэргэжлийн байгууллагууд төвлөрсөн сум. Замын-Үүд дэх Онцгой байдлын хэлтэс гамшгаас хамгаалах асуудлаар сургалт зохион байгуулж, бэлэн байдлын үзлэгт бэлтгэх үүрэг чиглэлээр хангаж, дадлага сургуулийг хийсэн байна. Бэлэн байдлын үзлэгийн дүнг гаргасны дараа тодорхой үүрэг чиглэлийг орон нутагт ирүүлнэ.

Дараагийн асуудал гамшгаас хамгаалах иж бүрэн сургуулийн бэлтгэл ажлыг төлөвлөгөөний дагуу хангуулж, орон нутгийн удирдлагатай хамтран ажиллаж байна. Аймгийн Засаг дарга, онцгой комиссын гишүүд, гамшгаас хамгаалах албад, аж ахуйн нэгж, байгууллага, олон нийтийн байгууллагын бүхий л удирдах бүрэлдэхүүнд гамшгаас хамгаалах иж бүрэн сургуулийн зорилго, зохион байгуулах арга хэмжээнүүд, хамтран ажиллах чиглэл, анхаарах асуудал, зохион байгуулалт, сахилга хариуцлагын талаар эхний ээлжинд мэдээлэл өгч ажлаа эхэлсэн.

Гамшгаас хамгаалах иж бүрэн сургууль бол Онцгой байдлын ерөнхий газраас орон нутагт зохион байгуулах цогц сургалт юм. Танхимын сургалт хийнэ, зарлан мэдээллийн дохиогоор ажиллуулна, бэлэн байдлыг шалгана, удирдах бүрэлдэхүүнтэй команд штабын сургууль явуулна, мэргэжлийн ангийн тактикийн үзүүлэх сургууль зохион байшуулна, ард иргэдийг нүүлгэн шилжүүлнэ, бие бялдар, сэтгэл зүйн сорилд хамруулна гээд олон талт арга хэмжээг хэрэгжүүлдэг.

Сүүлийн жилүүдэд ОБЕГ-аас орон нутагт зохион байгуулах сургалтын арга, технологийг өөрчилж шинэчилж байгаа. Хэрэгцээнд тулгуурласан мэдээлэл түгээх, туршлагаа хуваалцах, орон нутгийн онцлогт нийцүүлэх, нөөц боломжид тулгуурлах, гамшигтай тэмцэх бэлэн жор заах биш арга зүйг эзэмшүүлэхэд анхаарч байна. Жишээлбэл, Сайншанд сумын иргэд, оюутан, сурагчдад зориулсан гамшгаас хамгаалах үйл ажиллагаа, өөрийн аюулгүй байдалтай холбоотой сургалтыг зохион байгууллаа. Газар хөдлөлтийн аюулаас өөрийгөө хэрхэн яаж хамгаалах вэ, газар хөдлөлтийн үед өөрийн болон өрхийн аюулгүй байдлыг хэрхэн хангах, ямар зарчмаар аюулгүй цэг талбайд очих, дараа нь ямар зарчмыг баримтлах вэ гээд иргэн хүний зайлшгүй мэдэх хэрэгцээт мэдээллийг түгээх чиглэлээр сургалт хийлээ.

Бид мэдээлэл түгээж байгаа. Мэдээллийг цааш нь мэдлэг, хэвшил болгох нь ард иргэдийн үүрэг юм. Мөн амьдралд ашиглах аргыг хэлж өгч байгаа. Хамгийн энгийн жишээ, гамшиг тохиолдсон үед гарын доорх материал /сонин, цаас, гялгар уут, орны бүтээлэг зэрэг/ ашиглаад өөртөө тусламж үзүүлэх, өөрийгөө хамгаалах, аяга таваг хийх, нэрвэгдэгсдийг зөөх зэрэг арга зүйг зааж өгсөн.

Гамшгаас хамгаалах иж бүрэн сургуулийн үеэр мэргэжлийн ангиудтай хэд хэдэн төрлийн дадлага сургуулийг зохион байгуулна. Энэ удаагийн дадлага сургуулийн онцлог юу вэ?

ОБЕГ-аас жил бүр орон нутагт зохион байгуулж байгаа иж бүрэн болон команд штабын сургуулийн бодлогод нэн түрүүнд газар хөдлөлтийн асуудлыг тусгаж байгаа. Энэ бодлогын хүрээнд Сайншанд сумын иргэдийг аюулгүй талбайд шилжин байрлуулах дадлага сургуулийг хийнэ. Энэ чиглэлээр орон сууцнаас хэрхэн гарах зарчим, зохион байгуулалт, сум, багийн Засаг дарга нарын удирдлага, нутгийн захиргааны байгууллагууд ямар оролцоо, хөдөлгөөн үйлдэх чиглэл, хувийн бэлтгэл, аюулгүй байдал, цагдаагийн байгууллага аюулгүй байдлыг хангах чиглэлээр ямар үүрэгтэй байх, Онцгой байдлын байгууллага ямар дэмжлэг үзүүлэх, хүчний байгууллагууд юунд анхаарах зэргийг дадлага сургуулиар харуулах юм.

Иж бүрэн сургуулийн бодлогын дагуу хэд хэдэн мэргэжлийн ангийн тактикийн үзүүлэх дадлага сургуулийг зохион байгуулна. Тухайлбал, газар хөдлөлтийн гамшиг тохиолдсон үед гамшгийн голомтод нэрвэгдэгсдийг эрэн хайх, аврах ажиллагаа, гал түймэр унтраах, бусад үйлчилгээ үзүүлэх гамшгаас хамгаалах албадын томилгоот мэргэжлийн ангийн дадлага болно.

Эрүүл мэндийн байгууллага хээрийн нөхцөлд эрүүл мэндийн тусламжийг үзүүлэх дадлага, малын гоц халдварт өвчний хор уршгийг арилгах, төмөр замын ослын хөнөөлийг багасгах, Айраг сумын ард иргэдийг нүүлгэн шилжүүлэх цогц дадлага хийнэ.

Мөн Айраг сумыг нүүлгэн шилжүүлэх дадлага сургууль хийхээр бодлогод тусгагдсан. Энэ хүрээнд ажлын хэсэг нүүлгэн шилжүүлэлтийг яаж зохион байгуулах, тавигдах стандарт шаардлага, зохион байгуулалт, аюулгүй байдал, сумын Засаг даргын тамгын газар, төрийн захиргааны байгууллагууд, сургууль, цэцэрлэг, эмнэлэг хээрийн нөхцөлд яаж ажиллах, ямар зохион байгуулалтаар үйл ажиллагаа явуулах талаар мэргэжил аргазүйн зөвлөгөө өгч, бэлтгэлийг хангуулан ажиллаж байна.

-2011 онд Дорноговь аймагт гамшгаас хамгаалах иж бүрэн сургууль болж байсан. Тухайн үеийн ОБЕГ-аас барьж байсан бодлого чиглэлээс энэ удаагийнх юугаараа ялгаатай байна. Өөрчлөгдсөн зүйл бий юу?

Өмнө нь дурьдсан. Гамшгаас хамгаалах сургалтын үйл ажиллагаанд зарчмын шинэчлэлт хийгдэж байна. 2011 онд Дорноговь аймагт гамшгаас хамгаалах иж бүрэн сургууль зохион байгуулагдсанаас хойш зургаан жил өнгөрсөн байна. Өмнөх сургуулилттай харьцуулахад нилээд хэдэн онцлог бий.

Өмнөх гамшгаас хамгаалах иж бүрэн сургуульд цагийн байдал өгдөг түүнд ямар арга хэмжээ авахыг сонсдог, мэргэжлийн ангиуд дадлага сургууль хийдэг байсан. Харин сүүлийн жилүүдэд арга зүй, технологи талаас нь өөрчилж байна.

Ер нь гамшгаас хамгаалах менежментийн үйл ажиллагаа дэлхийн бусад улс орнуудад хурдацтай хөгжиж шинэчлэгдэж байгаа. Энэ шинэчлэлтэй манай улсын ОБЕГ уялдан нэг түвшинд явж байна. Тухайлбал аймгийн, сумын, аж ахуйн нэгжийн гамшгаас хамгаалах бэлэн байдлын төлөвлөгөөнүүд бодит байдал дээр хэрэгжих боломж байна уу гэдгийг сургуулийн явцад маш нарийн нухацтай авч хэлэлцэнэ. Орон нутгийн түвшинд аюул, осол тохиолдсон үед нөхцөл байдлыг авч хэлэлцэх, дүн шинжилгээ хийх, эрсдэлийн хүчин зүйлийг тодорхойлох гэдэг шинэ ойлголтыг нэвтрүүлж, нөхцөл байдлын анхдагч үнэлгээ, нарийвчилсан үнэлгээ, эдгээр үнэлгээнүүдэд тулгуурлаж шийдвэр гаргах, хэрэгжүүлэх арга зүйг аймаг, сум, гамшгаас хамгаалах албад мэргэжлийн ангийн удирдах бүрэлдэхүүнд ойлгуулахыг зорьж байна. Энэ бол гамшгаас хамгаалах иж бүрэн сургуулийн бас нэгэн том онцлог. Мөн “Р-ийн зарчим” гэж бий. Энэ нь гэнэтийн ослын удирдлагын системийн бүрдэл хэсэг юм. Дэлхийн улс орнуудад гамшгийн хор уршгийг арилгах, түүнтэй тэмцэх ажиллагаанд их хэрэглэгдэж байна. Энэ нь тасралтгүй цикль байдалтай явдаг зарчим юм. Үүнийг бид сургуулийн явцад хоорондоо ярьж хэлэлцэж энэ зарчмыг танилцуулж нэвтрүүлнэ. Мөн Азийн улс орнуудад гэнэтийн ослын удирдлагын системийг нэвтрүүлээд байна. Энэ нь ажлын ачааллыг маш оновчтой, жигд хуваарилсан зохион байгуулалтын систем юм. Манайхан нэг хүнд хамаг ажлыг овоолчихдог. Нөгөө хүн нь бүгдийг хийх гэсээр туйлддаг. Гэтэл төлөвлөх, зохион байгуулах, хангалт, захиргаа, нөөц боломжоор хангах зэрэг нь бүгд жигд зохион байгуулалттай байх ёстой юм.


-Энэ удаагийн иж бүрэн сургуулийн үеэр иргэдийг татан оролцуулсан дадлага сургуулийг хийхээр төлөвлөсөн байгаа. Өрхийн төлөвлөлтийн тухай та яриандаа дурдлаа. Үүнийг дэлгэрүүлж яривал?

Иргэдэд зориулж эхний ээлжинд сургалт зохион байгуулж мэдээлэл өглөө. Хоёр дахь нь нүүн шилжих, нүүлгэн шилжүүлэх дадлага сургуульд оролцуулна. Энэ бол биеэр хийж байгаа дадлага сургууль. Биеэр хийж байгаа дадлага сургууль тухайн иргэнд хоногшоод үлддэг. Иймд их ач холбогдолтой. Иргэд зарлан мэдээллийн дуут дохио дуугарсан үед өөрийн оршин байгаа газраас гарч аюулгүй цэгт очно. Гамшгаас хамгаалах хуулинд зааснаар дадлага сургуульд оролцох үүрэгтэй гэдгийг анхаарах хэрэгтэй. Сайншанд сумын нүүн шилжих дадлага сургууль бол аюулгүй цэгт цугларна. Харин Айраг сумын нүүлгэн шилжүүлэх дадлага сургуулилтын хувьд сум бүхэлдээ аюулгүй талбайруу бүрэн шилжиж очно гэсэн үг. Тэр талбайд төрийн байгууллагын үйл ажиллагаа бүхэлдээ зохион байгуулагдаж явагдана. Иргэд ямар дүрэм, журам дагаж мөрдөх, сумын удирдлага, онцгой комиссын зүгээс ямар үйлчилгээ үзүүлдэг, ямар бүтэц зохион байгуулалттай байдаг талаар мэдлэгтэй болох юм.

Олон улсын байгууллага, гамшиг судлаачдын дүгнэлтээр гамшгийн нөхцөл байдал бий болсон үед аврах ажиллагааны 70-80 хувь нь иргэн хүн өөртөө тусламж үзүүлсэн байдаг. Бусад үлдсэн хэсэгт мэргэжлийн байгууллага, орон нутгийн удирдлага ажилласан байдаг. Тэгэхээр аливаа аюул, гамшиг тохиолдсон үед түүний хор уршгийг хохирол багатайгаар даван туулах ганц боломж нь иргэн хүний, өрхийн бэлтгэл, бэлэн байдал хамгийн чухал ач холбогдолтой гэдгийг харуулж байгаа юм. Энэ хүрээнд өрхийн бэлэн байдал, төлөвлөлт, өрхөд байгаа эрсдэлт хүчин зүйл, орчны эрсдэлт хүчин зүйл нь юу болохыг энгийнээр хэлбэл иргэнийг тойрсон ямар аюул, осол байна түүнээс урьдчилан сэргийлэх, түүнийг тодорхойлох цогц ойлголтыг л хэлээд байгаа. Иймд иргэд мэргэжлийн байгууллагуудаас гаргаж буй заавар, зөвлөмжийг анхаарч байх хэрэгтэй. Тухайлбал цас ороод зам даваа хаагдсан үед замын хөдөлгөөнийг хязгаарласан зөвлөмж гаргаад байхад машинтай гарч халтиргаа гулгаа үүсгээд аваар осолд орж байгаа нь өрхийн бэлэн байдлыг алдагдуулж буй томоохон асуудал шүү дээ.

Дорноговь аймгийн хувьд сүүлийн жилүүдэд малын гоц халдварт өвчний голомт тасрахгүй байна. Энэ нь нэг талаар малчид өрхийн бэлэн байдлыг хангаагүйгээс, мэдлэггүйээс болоод байх шиг?

Ер нь сүүлийн жилүүдэд малын гоц халдвартай тэмцэх ажил улсын хэмжээнд маш их төвөгтэй, хүндрэлтэй байна. Олон газар голомттой одоо ч энэ ажил үргэлжилж байгаа. Малын гоц халдварт өвчинтэй тэмцэхийн хамгийн гол гарц бол малчны хариуцлагын асуудал. Хэрвээ малчдын хариуцлага сайжрахгүй юм бол малын гоц халдвартай тэмцэх ажил ямар ч үр дүнгүй. Маш их хөрөнгө, хүн, хүч зарцуулж байгаа ч төдийлөн дорвитой үр дүн гарахгүй байна. Өрхийн бэлэн байдлыг малын гоц халдварт өвчинтэй холбоотойгоор тайлбарлавал малчны хотонд малын гоц халдварт өвчний шинж тэмдэг илрэхэд малчин хамгийн түрүүнд сумынхаа мал эмнэлэг, үржлийн тасаг, мэргэжлийн байгууллагад шуурхай мэдэгдэх, ойр орчмын айл өрхийн малд халдаахгүй үүднээс малаа ойр бэлчээх, малаас гарах ашиг шимийг нийтэд худалдан борлуулахгүй байх гэсэн хамгийн энгийн шаардлагуудыг л биелүүлэх хэрэгтэй. Гэтэл үүнийг үл тоож эрүүл мал, эрүүл бүсэд малын гоц халдварт өвчнийг халдааж байгаа. Энэ бол малчны хариуцлагатай холбоотойгоор өнөө өрхийн бэлэн байдлын салшгүй хэсэг. Өрхийн бэлэн байдал=хариуцлага гэсэн үг. Отор нүүдэл хийе, яагаад багийн Засаг даргад мэдэгдэж болдоггүй юм. Ярьвал их зүйл байна. Хамгийн энгийнээр өрхийн бэлэн байдал гэдэг нь өөрийн зүгээс хийх ёстой ажлаа хийх хариуцлагыг хэлээд байгаа юм.

Ярилцсанд баярлалаа. Таны ажилд амжилт хүсье.

Баярлалаа.