Хорт утаа ургийн өсөлт, хөгжилтөд сөргөөр нөлөөлж эхэллээ
1 жил, 10 сар өмнө


Монгол Улсын агаарын бохирдол, утаа сүүлийн дөрвөн жилд 26 хувиар буурсан гэж Цаг уур, орчны шинжилгээний газраас мэдээллээ. Сүүлийн жилүүдэд үлэмж их байсан ийнхүү буурсан Улаанбаатар хотын утаа ургийн өсөлтөд хэрхэн нөлөөлж байна вэ гэдгийг гадны эрдэмтэд судалж эхэлжээ. Ингэхдээ Сүхбаатар дүүрэгт амьдардаг 540 ээж буюу жирэмсэн эмэгтэйг хамруулж, сонгоод нэг хэсэгт нь агаарын бохирдлыг бууруулах төхөөрөмж суулгаж, ээжүүдийг хоёр хуваан, харьцуулж судалсан байна. Ингэхэд агаарын бохирдлыг бууруулах төхөөрөмж ашигласан ээжүүдээс гарсан нярайн биеийн хэмжээ, агаарын бохирдлыг бууруулах ямар ч арга ашиглаагүй ээжүүдээс мэндэлсэн нярайгаас 0.4 сантиметрээр урт, 80 граммын илүү жинтэй төрж байжээ. Энэхүү судалгааны үр дүнгээс харахад агаарын бохирдол ургийн өсөлт, хөгжилтөд хэрхэн сөргөөр нөлөөлж байгааг харж болно.

Хэрэв одоогийн Улаанбаатарын утааг яаралтай бууруулахгүй бол ураг, нярайн эрүүл мэндэд маш хортойг судлаач Райн Аллен анхааруулж байна. Эрүүл мэндийн статистик мэдээллээс үзэхэд 1999-2016 онуудад агаарын бохирдолтой шууд холбоотой амьсгалын тогтолцооны өвчин 26.8 хувиар, зүрх судасны тогтолцооны өвчин 18.1 хувиар нэмэгдсэн байх юм. Харин сүүлийн жилүүдэд агаарын бохирдол амьсгалын замын өвчлөлөөс гадна бага насны хүүхдийн сэтгэн бодох чадвар, мэдрэлийн системд сөргөөр нөлөөлж эхэлснийг өнөөдөр, маргааш явагдах “Хүүхдийн эрүүл мэндэд агаарын бохирдлын үзүүлэх нөлөө, шийдвэрлэх арга зам” олон улсын зөвлөгөөнөөр хэлэлцэж байна.

Эх сурвалж: http://emch.mn/blog/2016/01/25/airpollution/