​ХӨГЖИХ, СУРАЛЦАХ БОЛОМЖ ЗАЛУУЧУУДЫН СОЛИЛЦООНЫ ХӨТӨЛБӨР
1 жил, 1 сар өмнө

Ардчилсан нийгмийн мэдлэгтэй, чадварлаг, идэвхитэй иргэдийг төлөвшүүлэх эрхэм зорилготой Иргэний боловсролын төв /https://www.facebook.com/cce.mongolia/ / нийгэмрүү хандсан олон үйл ажиллагаа, төсөл хөтөлбөрийг хэрэгжлүүлдэг. Түүний нэг нь Залуучуудын солилцооны хөтөлбөр. Энэ жилийн хөтөлбөрт Дорноговь, Дорнод, Өмнөговь, Ховд, Баян-Өлгий, Орхон-Уул, Дархан-Уул гэсэн долоон аймгийн 10, Улаанбаатар хотын 6 залуу шалгаран оролцсон юм. Солилцооны хөтөлбөр 09-р сарын 25-наас 09-р сарын 30-ны хооронд болсон. Залуучуудын солилцооны хөтөлбөрт шалгарсан залуучууд Улаанбаатар хот болон хөдөө орон нутагт байдаг залуучуудын иргэний нийгмийн байгууллагуудтай танилцахаас гадна тэдний зохион байгуулж байгаа үйл ажиллагаанд оролцон туршлага судалдгаараа онцлогтой. Залуучуудын солилцооны хөтөлбөрийг Иргэний Боловсролын төв 2016 оноос хэрэгжүүлж байгаа юм. Залуучуудын солилцооны хөтөлбөрийн эхний өдөр солилцооны хөтөлбөрт оролцож буй залуус танилцаж энэхүү хөтөлбөрөөс хүлээж буй үр дүн, хөтөлбөрт оролцох зорилгоо тодорхойлсон. Судлаач, сэтгэл зүйч, нийгмийн ажилтан, сэтгүүлч гээд төрөл бүрийн мэргэжилтэй залуучууд энэ удаагийн хөтөлбөрт шалгарсан байв.


Солилцооны хөтөлбөрийн хоёр дахь өдрийн үйл ажиллагаа “Бодлогод залуусын хяналт” ТББ-ын “Хөгжлийн төлөөх залуучуудын утга учиртай оролцоо” хэлэлцүүлгээр эхлэв. Дашрамд дурдахад “Бодлогод залуусын хяналт” ТББ 2014 онд байгуулагджээ. Хуульч болон сэтгүүлч мэргэжилтэй хоёр бүсгүй бодлого боловсруулах, хэрэгжүүлэх явцад залуучуудын оролцоо, дуу хоолой үгүйлэгдэж байгааг өөрчлөх зорилгоор ийнхүү нэгджээ. Тэд “Хүний эрх, ардчиллын үнэт зүйлсийн талаарх мэдлэг ойлголтыг түгээх замаар залуу хүн бүрийг бие даасан, идэвх, хариуцлагатай иргэн болон төлөвшихөд нь дэмжлэг үзүүлж, нийгмийн бүхий л түвшинд залуусын оролцоог хангасан, тогтвортой хөгжил бүхий хүмүүнлэг нийгмийг цогцлуулан хөгжүүлэхэд хувь нэмрээ оруулах” хэмээн эрхэм зорилгоо тодорхойлсон байна.

Тэд “Хөгжлийн төлөөх залуучуудын утга учиртай оролцоо” хэлэлцүүлгийг бидний дунд өрнүүлэн багаар ажиллуулсан. Энэ үеэр Австралийн туршлага, оролцооны механизм, үе хоорондын хамтын ажиллагаа, шийдвэр гаргах үе шат зэрэг олон ойлголтыг шинээр сонсч мэдсэн юм. https://www.facebook.com/YouthPolicyWatch/ энэ хаягаар Бодлогод Залуусын хяналт ТББ-ын үйл ажиллагааны талаар мэдээлэл авах боломжтой.


Хөтөлбөрийн гурав дахь өдөр туршлага хуваалцах аялал байв. Эхнийх нь Зориг сан. Зориг сан ардчиллыг дэмжих, ил тод байдлыг дэмжих, залуусын боловсролыг дэмжих гэсэн чиглэлийг баримталдаг байна. Залуучуудруу чиглэсэн хэд хэдэн хөтөлбөр байдаг бөгөөд 3000 орчим залуус тус сангийн тэтгэлэгт хамрагджээ. Одоогоор Залуу манлайлал, Байгаль орчны манлайлал, Орон нутгийн залуу манлайлал, Орон нутгийн байгаль орчны залуу манлайлал, Орон нутгийн эмэгтэйчүүдийг чадавхжуулах зэрэг хөтөлбөрийг хэрэгжүүлдэг бөгөөд онлайнаар мэдээллээ хүргэж оролцогчдоо шалгаруулдаг байна. Эдгээр хөтөлбөрт хамрагдах нь бүх залуучуудад нээлттэй явагддаг бөгөөд гагцхүү шалгуурыг хангасан, эссэгээрээ зорилго, хандлагаа зөв тодорхойлж бичсэн тохиолдолд боломж хэзээд байдаг гэдгийг онцолж байсан юм. Дашрамд дурдахад http://zorigsan.mn/mn/ болон https://www.facebook.com/zorigfoundation/ хаягаар дээрх хөтөлбөрийн зар, бусад мэдээллийг үзэх боломжтой.

Үргэлжлүүлэн бид бүхэн Нийслэлийн Залуучуудын хөгжлийн газартай танилцав. Биднийг Нийслэлийн Залуучуудын хөгжлийн газрын сурталчилгаа эерэг нөлөөлөл хариуцсан мэргэжилтэн н.Доржхорол хүлээн авч үйл ажиллагаагаа танилцуулав. Энд Залуучуудын хөгжлийг дэмжих төв хэмээх жишиг төвийг байгуулжээ. Тус төвд залуучуудын гарааны бизнесийг дэмжих, сайн дурынхны өрөөг байгуулсан байна. Мөн КOICA олон улсын байгууллагын санхүүжилтээр мэдээллийн технологийн чиглэлээр МKIT сургалтын төвийг байгуулан 1500 гаруй залуусыг сургасан гэдгээ онцолж байлаа. Яг одоогоор Нийслэлийн залуучуудын хөгжлийн дэд хөтөлбөрийг боловсруулж 50 гаруй ТББ-т саналаа хүргүүлсэн байна. Цаашид залуучуудын мэдээлийн санг бүрдүүлнэ, Их хотын залуучууд 30 цуврал нэвтрүүлэг хийж байгаа гэдгээ ч дуулгав.

Үүний дараагаар бид бүхэн Гэр бүл Хүүхэд Залуучуудын хөгжлийн газартай танилцав. Бидэнтэй Залуучуудын хөгжлийн бодлого хөтөлбөр хариуцсан мэргэжилтэн н.Мандуул, Залуучуудын хөгжлийн газрын мэргэжилтэн н.Долгормаа нар уулзаж залуучуудын хөгжлийг дэмжих тухай хууль болон залуучуудын оролцооны боломжийн талаар ярилцлаа. Монгол улс 3,1 сая хүн амтай. Гурван хүн тутмын хоёр нь хүүхэд залуучууд байгаа гэдгийг онцолсон. Залуучуудын хөгжлийг дэмжих тухай хууль өнгөрөгч тавдугаар сард УИХ-аар батлагдсан. Монголын залуус анх удаа хуультай болсон нь урагш алхсан нэг үзүүлэлт юм. Харин хууль 2018 онд хэрэгжиж эхлэхтэй холбоотойгоор түүнийг дагасан дүрэм, журам батлагдана. Энэхүү дүрэм, журмын төслийг боловсруулах ажил Гэр бүл Хүүхэд Залуучуудын хөгжлийн газарт боловсруулагдаж байгаа аж. Залуучуудын хөгжлийг дэмжих тухай хуулийг дагаж 8 журам, 5 дүрмийн төсөл одоогоор боловсруулагдаж байгаа юм байна. Энэхүү журам, дүрмийн төслүүдэд саналыг нээлттэйгээр авч байгааг энэ үеэр онцолж байсан. Гэвч залуучуудын суурь судалгаа байхгүй, мэдээллийн сангүйгээс болж ихээхэн асуудлууд тулгарч буй аж. Хөтөлбөрт оролцож буй залуучууд ихэнх нь залуучуудын төрийн бус байгууллагын төлөөлөл байсан учраас хуулинд тусгагдсан сайн дурын ажлыг бүртгэлжүүлэх, залуучуудын зөвлөл байгуулах зэрэг асуудлыг ихэд сонирхож харилцан ярилцаж байсан юм.

Ийнхүү солилцооны хөтөлбөрийн гурав дахь өдөр туршлага хуваалцах аялал маань сонирхолтой басхүү үр өгөөжтэй байсан юм. Учир нь залуучуудын хөгжлийг дэмжих тухай хуулийн холбогдох дүрэм журмын төсөл боловсруулагдаж буй энэ цаг үед орон нутгийн залуучууд холбогдох хүмүүстэй нь уулзаж өөрсдийн саналаа хэлсэн нь ихээхэн чухал байсан нь эргэлзээгүй юм.

Солилцооны хөтөлбөрийн дөрөв дэх өдөр. Иргэний нийгмийн байгууллагуудын үйл ажиллагаатай танилцсанаар үргэлжилсэн. “Үтрээний хүүрнэл” анхаарал татсан арга хэмжээгээрээ эмэгтэйчүүдэд тулгамдаад буй асуудалд анхаарал хандуулж байсан “Өөрчлөлтийн төлөөх эмэгтэйчүүд” ТББ-ын үйл ажиллагаатай танилцсанаар эхэлсэн юм. Бидэнд өөрийгөө танилцуулсан дөлгөөнхөн инээмсэглэл, бөөрөнхий царай, нүдний шилтэй нүдэнд дулаахан эмэгтэй бол “Өөрчлөлтийн төлөөх эмэгтэйчүүд” ТББ-ын захирал Б.Золзаяа байлаа. Тэрээр ТББ-ынхаа үйл ажиллагаа болоод тэднийг зохион байгуулахад тулгарч байсан хүндрэл бэрхшээл, хэрхэн давуун туулсан талаар солилцооны хөтөлбөрийн оролцогчдын асуултад хариулан халуун яриа өрнүүлсэн юм. “Өөрчлөлтийн төлөөх эмэгтэйчүүд” ТББ байгуулагдаад 7 жил болж буй бөгөөд Хүний эрх, жендэрийн шударга ёсны төлөөх нийгмийн өөрчлөлтөд эмэгтэйчүүд, залуучуудын дуу хоолой болох, тэдний чадавхжих, хамтран хөгжих, тэмцэх үржил шимт хөрс болж, хүрээгээ тэлэх эрхэм зорилготойгоор үйл ажиллагаагаа явуулдаг байна. Б.Золзаяа “Шударга зүйлийн төлөө явахад ёс зүйн хуваагдал байнга тулгардаг. Гэхдээ аливаа зүйлийг том зургаар нь харах хэрэгтэй. Бусад бүлгүүдийн санаа, үзэл бодлыг сонсох нь зөв манлайлал гэж боддог” хэмээн онцолж байсан юм. Өөрчлөлтийн төлөөх эмэгтэйчүүд ТББ-аас гурван хөтөлбөрийг хэрэгжүүлдэг байна. Үүнээс онцгойлон дурдвал Эмэгтэйчүүдийн манлайллын хөтөлбөр нь нийгмийн олон салбарын манлайлагч залуу эмэгтэйчүүдийн ардчилал, хүний эрх, жендерийн тэгш байдлын талаарх мэдлэгийг нэмэгдүүлж, манлайллын ур чадварыг нь дэмжих зорилготой юм. Өөрчлөлтийн төлөөх эмэгтэйчүүд ТББ-ын талаарх илүү дэлгэрэнгүй мэдээллийг https://www.facebook.com/women4changemongolia/ энэ линкээр авах боломжтой.

Мөн Охид залуу эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах “Гүнж” төвийн үйл ажиллагаатай танилцан багаар ажилласан юм. Өсвөр насны охид болон бэлгийн хүчирхийлэлд өртсөн бага насны охидын эрхийг хамгаалах чиглэлээр тус ТББ-аас олон үйл ажиллагаа зохион байгуулж байсныг хэвлэл мэдээллийн хэрэгслээр сонсч байсан учраас ихэд танил санагдаж байлаа. Тус ТББ-аас охид эмэгтэйчүүдэд зориулсан хэд хэдэн хөтөлбөрийг зарладаг байна. Энэ талаарх дэлгэрэнгүй мэдээллийг https://www.facebook.com/princesscenter/ хаягнаас аваарай.


Демокрэйзи залуусын төв. ДемоКрэйзи” залуусын төвийг хүний эрх, эрх чөлөө, жендэрийн тэгш эрх болон ардчиллын үнэт зүйлс, нийгмийн шударга ёсыг эрхэмлэх соёлыг залуусын түгээн төлөвшүүлэх, залуусын хувийн хөгжил, ардчилал, иргэний боловсрол, бүтээлч оролцоог нэмэгдүүлэх зорилготой 2012 онд “Эрхийнхээ төлөө гараа өргөцгөөе!” залуусын аяны оролцогчид үүсгэн байгуулжээ. Тус төв хүний эрхийн асуудлыг энгийн ойлгомжтой мөртлөө илүү сонирхолтой, бүтээлч байдлаар хүмүүст мэдээлдэг байна. Нэг үгээр хэлбэл залуучууд бүтээлчээр асуудлаа илэрхийлэх боломж гэдгийг “ДемоКрэйзи” залуусын төвийн активист Шинээ, Урнаа нар бидэнд онцолж байлаа.

Сайн дурынхны утга учиртай оролцоо- IVolunteer

iVolunteer Санаачилга нь Сайн дурынхан болон Байгууллага (ТББ болон бусад), нийгэмд тустай төсөл хөтөлбөрүүдийг холбох, сайн дурын үйл ажиллагааг олон нийтэд таниулах зорилготой Монголын анхдагч платформ юм байна. Өнгөрсөн хугацаанд давтагдсан тоогоор 1000 орчим сайн дурынхныг 100 гаруй байгууллагуудтай холбож өгсөн амжилттай ажиллаж байгаа аж. Хэрэв сайн дурын ажил хийхийг хүсвэл http://www.ivolunteer.mn/ -д хандаарай.

Солилцооны хөтөлбөрийн дөрөвдэх өдөр Конрад Аденауэр санд үргэлжилсэн. Конрад Аденауэр сангийн төслийн менежер Дөлгөөн биднийг угтан авч үйл ажиллагаа танилцуулсан. Конрад Аденауэр сан 100 гаруй оронд үйл ажиллагаа явуулдаг бөгөөд Монгол улсад 1993 онд байгуулагджээ. Тус сангаас хэвлэл мэдээлэл, улс төрийн оролцооны нилээд хэдэн хөтөлбөр хэрэгждэг байна. Тухайлбал: Эмэгтэйчүүдийн манлайлал, Сэтгүүлзүйн тэтгэлэгт хөтөлбөр, орон нутгийн байгаль орчны манлайлал зэрэг хэд хэдэн хөтөлбөр бий аж. https://www.facebook.com/kas.mongolei/ эндээс дэлгэрэнгүй мэдээллийг үзэх боломжтой.

ЭБЭ олон нийтийн төвийг хэд хэдэн ТББ-ууд нийлж 2015 оноос нэгдэн байгуулжээ. Тус төв бэлгийн цөөнх олон нийт болон ЭБЭ/эрчүүдтэй бэлгийн хавьталд ордог эрэгтэй/-чүүдэд зориулсан нийгэм, эрүүл мэнд, хууль эрхзүйн ээлтэй эерэг орчин бий болгох нөлөөллийн үйл ажиллагаа, эрүүл мэндийн үйлчилгээ, БЗДХ, ХДХВ-ийн халдвараас урьдчилан сэргийлэх мэдлэг, мэдээлэл өгөх үйл ажиллагаануудыг зохион байгуулдаг байна.


“Түгээмэл хөгжил” бие даан амьдрах төвтэй танилцсанаар туршлага судлах аялал үргэлжлэв. Тус төв хөгжлийн бэрхшээлийн хүндрэл, хэлбэрээс үл хамааран бие даан амьдрах үзэл баримтлалыг төлөвшүүлэн хэрэгжүүлэх, хүртээмжтэй саадгүй орчныг бий болгох, нийгмийн халамжтийн үйлчилгээний оновчтой тогтолцоог боловсронгуй болгох, хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг чадваржуулах зорилготойгоор үйл ажиллагаагаа явуулдаг байна. Түгээмэл хөгжил бие даан амьдрах төвийн талаар https://www.facebook.com/MILC.TugeemelKhugjil/










Энэ өдрийн хөтөлбөрийн сүүлийн “зогсоол” хөрөнгө босгох “Улаанбаатар шөл” арга хэмжээ байлаа. Энэ бол Улаанбаатар хотод хэрэгжих төслийг дэмжиж санхүүжилт олгох оройн зоог юм. Та 10,000₮ төлөөд шөлөө ууж, төслийн аль нэг багт санал өгөх эрхтэй. Ингээд оролцогчдын санал хураалтаар цугларсан бүх мөнгийг ялагч 1 баг нь авч төслөө хэрэгжүүлэх юм. Ээлжит “Улаанбаатар шөл” арга хэмжээнд энэ удаа Демокрэйзи залуусын төв, Гүнж төвийн Охидын эрхийн клубууд өөр өөрсдийн төслөө танилцуулсан юм. Демокрэйзи залуусын төв нийгэмд эерэг хандлагыг төрүүлэх бичлэгийг онлайнаар хийх хүргэх төслөө бүтээлч байдлаар танилцуулсан бол Гүнж төвийн охидын эрхийн клубынхэн жүжигчилсэн байдлаар “Охидын эрх Нийгмийн өөрчлөлт” төслөө танилцуулсан. Төслийн танилцуулгын дараагаар шөлөө уусан оролцогчид нууцаар саналаа өгсөн. Энэ удаа Демокрэйзи залуусын төв нийгэмд эерэг хандлагыг төрүүлэх бичлэгийг онлайнаар хийх хүргэх төсөл шалгарсан юм. Орон нутагт нийгмийн эерэг өөрчлөлтийг багахан зүйлээс эхэлж хийх боломжтойг харуулах жижиг төслүүдийн санхүүжилтийг иймэрхүү маягаар хөрөнгө босгох боломжтойг эндээс олж харлаа.

Солилцооны хөтөлбөрийн тав дахь өдөр “Өөрчлөлтийн салхи” ТББ-аас зохион байгуулдаг Ардчиллын замаар аяллаар үргэлжилсэн. Энэхүү аялал нь Монгол улсад 1990 онд өрснөсөн ардчилсан хувьсгалын бодит түүхээр дамжуулан хүний эрхийн ойлголтууд, ардчиллын зарчмуудыг таниулж залуучуудад оролцоогоо нэмэгдүүлэхийг уриалдаг байна. Бидний аялал 1989 оны 12-р сарын 10-нд Ардчилсан холбооны анхны цуглаан болсон Улаанбаатар чуулгаас эхэлж МУИС-Чингисийн талбай-С.Зоригийн хөшөө-Ю.Цэдэнбалын хөшөө-Б.Ренчингийн хөшөө-Үндэсний түүхийн музейн Ардчиллын танхимаар үргэлжилсэн юм.


Тав хоног үргэлжилсэн солилцооны хөтөлбөрийн хүрээнд янз бүрийн бүлэг, өөр өөр үзэл бодолтой олон залуус, тэдний хийж хэрэгжүүлж байгаа нийгмийн сайн сайхны төлөөх ажил үйлстэй танилцаж шинэ санаа, мэдээлэл олж авсан нь ач холбогдолтой байлаа. Мөн олж авсан шинэ санал, санаачилгаа орон нутагтаа хийж хэрэгжүүлэхээр төлөвлөгөө гарган солилцооны хөтөлбөрт шалгарсан долоон аймгийн залуус нутгийн зүг хүлгийн жолоо залцгаасан юм.