ХӨГЖЛИЙН БЭРХШЭЭЛТЭЙ ХҮҮХДИЙН ЦЭЦЭРЛЭГИЙН БҮЛЭГ ХИЧЭЭЛИЙН ШИНЭ ЖИЛЭЭ ЭХЛҮҮЛЛЭЭ
1 жил, 2 сар өмнө

2016-2017 оны хичээлийн жилд Дорноговь аймагт төрийн өмчийн 28, хувийн 4 цэцэрлэгт өдрөөр 4684 хүүхэд хүмүүжнэ. 1084 хүүхэд шинээр цэцэрлэгт элсэж байна. Сайншанд сумын 11-р цэцэрлэг Ургах Наран цэцэрлэгт энэ хичээлийн жилд 192 хүүхэд хүмүүжнэ. Тус цэцэрлэгт Сайншанд сумын Мааньзавын 6,8,9-р хэсгийн хүүхдүүд харьяалагддаг аж. Манай улсад хөгжлийн бэрхшээлтэй хүүхдэд зориулсан цэцэрлэг гарын таван хуруунд багтахаар цөөн байдаг. Харин Дорноговь аймагт өнгөрсөн хичээлийн жилд тус цэцэрлэгт хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдэд зориулсан бүлэг нээгдсэн. Сайншанд сумын хэмжээнд хөгжлийн бэрхшээлтэй 64 хүүхэд байдаг гэсэн тоо баримт бий. Үүнээс цэцэрлэгийн насны 20 гаруй хүүхэд байдаг бөгөөд энэ хичээлийн жилд хөгжлийн бэрхшээлтэй 10 хүүхэд тус бүлэгт бүртгүүлжээ. Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдийг сургуулийн өмнөх боловсролд хамруулснаар сурч хүмүүжих, бие биенээсээ үлгэрлэн дуурайх, нийгэмших, эцэг эхчүүд нь ажил хөдөлмөр эрхлэх боломж бүрдэж байгаа юм.Тус цэцэрлэгийн хөгжлийн бэрхшээлтэй хүүхэд багачууд өнгөрсөн жил “Бид хөгжлийн бэрхшээлтэй ч хөгжлийн тэмүүлэлтэй” шинэ жилийн арга хэмжээг зохион байгуулж өөрсдийн дуу хоолойгоо нийгэмд илэрхийлж байсан. “Ургах наран” цэцэрлэг өнгөрсөн хичээлийн жилд ашиглалтанд орсон учраас тохижилт, хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдэд зориулсан тоног төхөөрөмж бүх зүйлээр хангагдсан байна. Харин одоо тэдний нас, бие, сэтгэхүйн онцлогт нь тохирсон тоглоом шаардлагатай байгааг цэцэрлэгийн багш хэлж байсан юм.