“Монголын алт” ХХК нийгмийн хариуцлагын гэрээнд гарын үсэг зурлаа
10 сар, 2 долоо хоног өмнө

Дорноговь аймгийн засаг дарга Т.Энхтүвшин “Монголын алт” ХХК-ны олон нийттэй харилцах асуудал эрхэлсэн дэд ерөнхийлөгч Д.Энхмандахтай Нийгмийн хариуцлагын гэрээнд гарын үсэг зурлаа.

Нийгмийн хариуцлагын гэрээ хийгдсэнээр Дорноговь аймгийн Даланжаргалан суман дахь “Монголын алт” ХХК-ийн Хөх цавын цемент шохойн үйлдвэрийн ажиллагсдыг бэлтгэх, орон нутгийн иргэдийг мэргэжлийн сургалтад хамруулах, мэргэжил эзэмшүүлэх, ажлын байраар хангах, орон нутгийн нийгэм, эдийн засгийг дэмжих, байгууллага хоорондын түншлэлийг бэхжүүлэх, дотоодын ханган нийлүүлэлт худалдан авалтыг дэмжих зэрэг Монгол улсын болоод орон нутгийн нийгэм, эдийн засгийг бодитоор дэмжиж хөрөнгө оруулалт хийх алхамын эхний гарааг эхлүүлж байгаа юм.

Дорноговь аймгийн Даланжаргалан суманд хийгдэж байгаа томоохон бүтээн байгуулалт болох Хөх цавын шохойн чулууны ордыг түшиглэн босч байгаа жилдээ нэг сая тонн цемент үйлдвэрлэх хүчин чадал бүхий Дани улсын техник, технологийн шийдлээр баригдаж буй тус үйлдвэр нь ашиглалтад орсоноор барилгын салбарын үндсэн түүхий эд болох цементийн 30-40 хувийг нийлүүлэх боломж бүрдэх юм.

Энэхүү гэрээ нь эхний шатанд хийгдэж байгаа бөгөөд дараагийн ээлжинд Цагаан суваргын ордыг ашиглалтад оруулсанаар Хөх цавын цемент шохойн үйлдвэрээс даруй хоёр дахин боловсон хүчин, техник хүчин чадлаар ажиллах орчин бүрдэнэ. Харин Цагаан суваргын ордын ажил одоогоор 50%-ийн гүйцэтгэлтэй ажиллаж байгаа аж. Түүнчлэн хамгийн их анхаарал татсан сэдэв болох Хатанбулаг, Мандах сумын цахилгааны асуудлыг шийдвэрлэхээр технологийн ганц нэг шийдлийг зохицуулах юм бол бид энэхүү ажлаа яаравчлуулан дуусгаж төрд хүлээлгэж өгнө хэмээн хэмээн МАК онцолж байна. Тус хоёр сумыг гэрэлтүүлэгтэй болгох асуудлыг МАК өөрсдийн хөрөнгөөр шийдэж байгаа бөгөөд концессын гэрээгээр ажил хүлээлцэх асуудал 2012 оноос хойш яригдсан ч төр солигдсон өнөө цаг үед гэрээгээ албан ёсоор үзэглэж баталгаажуулаагүй байгаа аж.

Ингээд дараахь тодруулгыг МАК-ийн олон нийттэй харилцах асуудал эрхэлсэн дэд ерөнхийлөгч Д.Энхмандахаас тодрууллаа.

Хөрөнгө оруулалтыг татах замаар иргэдээ ажилтай, орлоготой болгох, эдийн засгийн өсөлтийг нэмэгдүүлэх цаашлаад уул уурхайн салбарт эрэлттэй байгаа боловсон хүчнийг бэлтгэх асуудлыг Орон нутгийн зүгээс ихэд анхаарч аймгийн МСҮТ-д мэргэжилтэй ажилчдыг бэлтгэх асуудлыг бодлогоор шийднэ хэмээн аймгийн засаг дарга Т. Энхтүвшин онцоллоо.