​ОСОЛ ГЭМТЛЭЭС ОЛУУЛАА СЭРГИЙЛЭХЭД ИРГЭН БҮРИЙН ХАРИУЦЛАГА ЧУХАЛ
9 сар өмнө


Дорноговь аймагт 2016 оны жилийн эцсийн байдлаар осол гэмтлийн өвчлөл 2341 бүртгэгджээ. Үүнд: Осол гэмтлийн шалтгаант нас баралт 83 бүртгэгдсэн нь өмнөх оныхоос 9 тохиолдлоор өсч нийт түргэн тусламжийн дуудлагын 4,1%-ийг эзлэж байгаа юм. Осол гэмтлийн өвчлөлийг төрлөөр нь авч үзвэл ахуйн осол өмнөх оныхоос буурсан ч зам тээвэр, хүчирхийлэл, санаатайгаар өөртөө гэмтэл учруулах ослууд өмнөх оныхоос нэмэгдсэн үзүүлэлттэй байна. Ялангуяа зам тээврийн ослоор амь насаа алдах, гэмтэж бэртэх нь нийт ослоор амь насаа алдсан бэртэж гэмтсэн тохиолдлын хоёрдугаарт орж байгаа аж.


Иймд олон нийтийг осол гэмтлээс урьдчилан сэргийлэх ажилт татан оролцуулах, гэмт хэрэг, зөрчлийг бууруулах, түүнээс учрах хохирлыг багасгах зорилгоор Аймгийн Цагдаагийн газар, Эрүүл мэндийн газар, Гэр бүл Хүүхэд Залуучуудын хөгжлийн газар, Онцгой байдлын газар хамтран “Осол гэмтлээс олуулаа сэргийлцгээе” аяныг бүтэн жилийн хугацаанд зохион байгуулж байна. Аяны хүрээнд нийтийг хамарсан өдөрлөг, уулзалт, уралдаан тэмцээн, сургалт сурталчилгааны ажлыг зохион байгуулах аж. Мөн осол зөрчлөөс урьдчилан сэргийлэх чиглэлээр хувь хүн, хуулийн этгээд, төрийн бус байгуууллагуудтай хамтран бодит ажлуудыг зохион байгуулахаар төлөвлөж байгаа юм. Энэхүү аянг зохион байгуулагчдын зүгээс " Осол гэмтлээс олуулаа сэргийлцгээе аян зөвхөн төрийн байгууллагуудын ажил биш иргэн бүр үүргээ биелүүлж осол гэмтлээс урьдчилан сэргийлэх, гэр бүл, найз нөхөд, хамт олон, таниж мэддэг хүмүүстээ осол зөрчилд өртөхгүй байх талаар зөвлөх, сэрэмжүүлэх, осол зөрчлөөс урьдчилан сэргийлэх чиглэлээр олж авсан мэдээ мэдээллээ бусдад хуваалцах нь хэрэгтэй. Мөн аяны хүрээнд зохион байгуулж буй үйл ажиллагаануудад оролцож мэдлэг мэдээлэл авах нь чухал" гэдгийг онцолж байлаа.