​“ОЮУ АЙ”-ТАЙ ОДОД ТҮГСЭН ҮДЭШ
7 сар, 1 долоо хоног өмнө


“Оюу-Ай” хайрын шүлгийн наадам энэ сарын 13-ны өдөр Саран Хөхөө театрт боллоо. Дорноговь аймгийн Залуучуудын холбооны тэргүүлэгч, “Дорнын Соён зүг” ТББ-ын тэргүүн Цэнд-Аюушийн санаачилж байсан тус яруу найргийн наадам 2015 онд анх зохион байгуулж эхэлсэн. Энэ жилийн хайрын шүлгийн “Оюу Ай” яруу найргийн наадмын ерөнхий зохион байгуулагчаар Дорноговь аймгийн Залуучуудын холбоо, Саран Хөхөө театр, хамтран зохион байгуулагчаар Монголын зохиолчдын “Хурмаст тэнгэр” төв, “Дорнын Соён зүг” ТББ, “Өдтэй салхины мөр” утга зохиолын цахим нэгдэл, “Зэл үг” дугуйлан, Монголын хөгжмийн зохиолчдын холбооны Дорноговь салбар ажилласан аж.

МЗЭ-ийн шагналт яруу найрагч Л.Эрдэнэбатын "Дорноговийн хүүхнүүд" шүлэгт гардаг Оюу-Ай бүсгүйн нэрээр нэрлэсэн тус наадамд энэ жил 25 залуу яруу найрагч хайрын шүлгээ сойсон. “Оюу-Ай” хайрын шүлгийн наадмын шүүгчээр МЗЭ-ийн шагналт, яруу найрагч Ш.Энхбаяр, МЗЭ-ийн шагналт, яруу найрагч Л.Эрдэнэбат, МЗЭ-ийн шагналт, яруу найрагч А.Байгалмаа нар ажилласан юм.

2015 онд анх зохион байгуулагдаж байсан "Оюу-Ай" наадамд залуу яруу найрагч Э.Цагаан-Уул түрүүлж байсан бөгөөд энэ удаагийн яруу наадмын эхэнд мялаалга шүлгээ уншсан. Энэ жил тус наадамд Улаанбаатар хот болон Хатанбулаг, Дэлгэрэх сумаас залуу яруу найрагчид зорин ирж оролцсон нь наадамд орох яруу найрагчдын тоо нэмэгдсэнээрээ онцлогтой байлаа. Мөн Сулинхээрээс П.Баярчимэг хэмээх найрагч бүсгүй оролцсон нь хүн бүхний талархал хүндлэлийг хүлээсэн юм. Тэрээр "Зэрэглээ цэнхэр даалин", "Чи гөрөөс Би булаг" шүлгээрээ оролцсон.

Чи гөрөөс Би булаг

Зүүн ууланд нутагтайЗүс цагаан гөрөөс

Зүрхэн тунгалаг булагт минь

Сарны мөнгөн зөргөөр

Шөнө бүр ирж ундаалахад

Усан цэнхэр булаг би

Үнэн голоосоо булиглан цалгидаг

Гөрөөс чамайг ирэхгүй бол

Газар тэврэн ширгэж мэдэх

Говийн нүдэн булгаа би

Чи гөрөөс Би булаг


Мөн анх удаа Ерөнхий боловсролын сургуулийн сурагчид тус наадамд оролцсон нь Дорноговийн зохиолч, яруу найрагчдын залгамж халаа бэлтгэгдэж буйг харуулав. Тэд “Зэл үг” утга зохиолын дугуйлангийн сурагчид бөгөөд өнгөрөгч оны 11-р сараас “Хурмаст тэнгэр” төвийн гишүүн, яруу найрагч Д.Эрдэнэдалай, яруу найрагч Э.Цагаан-Уул нар хамтран Дорноговийн зохиолч, яруу найрагчдын залгамж халааг бэлтгэх зорилгоор нээгээд байгаа аж.


Сүүлийн үед ямар нэгэн урлаг соёлын үйл ажиллагааны тасалбарыг ихэвчлэн албан хүчээр буюу “шахаа”-гаар зардаг болсон. Тэгвэл “Оюу-Ай” яруу найргийн наадмын тасалбар тийм байсангүй. Нэг таваг хоолны ч үнэ хүрэхгүй мөнгөөр оюуны бүтээлийг сонсох боломжийг олгож байхад үзэгчдийн суудал дүүрээгүй нь харамсалтай ч онгод, хийморьтой залуу яруу найрагчдын уран яруу, утга төгөлдөр үгс хэрхэн цэц булаалдахыг сонсч оюуны “цангаа”-гаа тайлахаар найрагт дуртай үзэгчид ирсэн байсан нь олзуурхууштай.



Дорноговь аймгийн Залуучуудын холбооноос гадна Саран Хөхөө театр ерөнхий зохион байгуулагчаар оролцсон. Яруу найргийн наадмын 2-р шатанд 12 яруу найрагч үлдсэн. Мөн энэ үеэр “Дорнын Соён зүг” ТББ-аас “Өсөх ирээдүйтэй яруу найрагч” шагналаар Ерөнхий Боловсролын 1-р сургуулийн сурагч н.Ган-Эрдэнийг, “Зэл үг” утга зохиолын дугуйлангийн нэрэмжит шагналаар тус сургуулийн сурагч н.Нямдаваа нарыг шагнаж урамшуулсан юм.

Сүүлийн шатанд Улаанбаатар хотоос оролцогч яруу найрагч Т.Дарханхөвсгөл, Т.Наранхүү, Монголын зохиолчдын “Хурмаст тэнгэр” төвийн гишүүн, яруу найрагч Д.Эрдэнэдалай, Б.Баярцэнгэл, Д.Эрдэнэзулай нар үлдсэн.



Тус яруу найргийн наадмын тусгай байрыг яруу найрагч Т.Наранхүү, 4-р байрыг Монголын зохиолчдын “Хурмаст тэнгэр” төвийн гишүүн, яруу найрагч Б.Баярцэнгэл, гутгаар байрыг Монголын зохиолчдын “Хурмаст тэнгэр” төвийн гишүүн, яруу найрагч Д.Эрдэнэзулай, дэд байрыг Монголын зохиолчдын “Хурмаст тэнгэр” төвийн гишүүн, яруу найрагч Д.Эрдэнэдалай, тэргүүн байрыг Улаанбаатар хотоос зорин ирж оролцсон яруу найрагч Т.Дарханхөвсгөл эзэлсэн юм. Эдгээр яруу найрагчдын сүүлийн шатанд уншсан шүлгийг та бүхэндээ хүргэж байна.


Т. Наранхүү “Хаа нэгтээ яваа чамдаа”

Амраг минь нэг л хүнийг мөнхийн хайрандаа самарч

Алга дэвссэн юм шиг зовлон дундуур туучмаар

Аяа хааяа хааяа зогсох их саглагар мод шиг болон

Аниргүйн дундаас давхиж ирсэн хөлстэй адуу шиг санагданаа

Амандаа учралын шүлэг бичээд л суумаар өдрүүд өнгөрч

Дан тэрлэгтэй түүнийгээ бодолдоо харан зурмаар

Хуур эвшээж зун буцсан уянгатай энэ л намар

Хулан шиг зүсээрээ мөрөөдлийн минь галыг цочооно

Хайрын дуу жигүүр урган аялагдахад

Намайг хүлээх чиний минь мэлмий тэр дуун дотор инээмсэглэнэ

Насаараа үйл мэтгэж дээлийг чинь урлана гэж

Навчсын унах чимээ шивнэж хэлээд байна

Өмнөөс чинь үлээх салхинаас магадгүй

Өвөр энгэрээ чи минь нууж л яваа

Өргөстэй харчуудын дэргэдүүр өнгөрөхдөө

Өнөөх биш гэж ширвэж л яваа

Үхэхийн жамтай учрахгүй бол эрэл минь зогсохгүй

Үнэнчээр хүлээнэ гэж би амлахгүй

Зовлонг зорж жаргал сиймхий энэхэн замбуулинд

Залуу явахад минь чи надтай учирвал болнодоо

Б.Баярцэнгэл “Зуны шувуу”

Нөмөрт чинь өвөлжихөөр ирсэн

Зуны шувуу намайг

Өрөвдөөд чи өврөөсөө явуулаагүй

Өндөглөхийг минь зөвшөөрөөгүй

Өөр улиралд ч өгөөгүй мөртлөө

Гал өрдсөн сэтгэлээс чинь

Гармагцаа л даарчихдаг

Ганц нэгхэн үгэнд чинь

Гомдоод гүйхээрээ бүдэрдэг

Ийм туниагүй дэгдээхий мэт болгочихоод

...Нис... ...нис... хэмээн зүрх үхүүлдэг

Нэмэргүй ихээр би баахан хичээдэг


Э.Эрдэнэдалай “Хайр болно”

Цэцэгс үүрээр ёолон дэлгэрэхийг
Цээжний хөндүүрээр мэдрэх минь хайр болно
Чулууд наранд эвшээж сэрэхийг
Чихэндээ зөөлөн сонсох минь хайр болно
Үүлс бөмбөрөн нозоорч дэгдэхийг
Үзэх нүдэндээ харах минь хайр болно
Уулс нүүдэллэн дэлхийтэй эргэхийг
Унтахдаа ч мэдрэх минь хайр болно
Зүр гурийн нүдэнд Буддагийн дүрс тодроход
Зүрхнийхээ айзмаар маань хөгжөөх минь хайр болно
Цахлайн дуу загасны нүдийг ташуурдан өнгөрөхөд
Цагийн оньс түлхээд амь орох минь хайр болно
Үүрдийн юмс зуурдын гэдгийг
Үнэн бат ойлгосон ч
Үлдээхийн учиртай үрсээ үзэх минь хайр болно
Үнэнчийн андгайг алганыхаа хээгээр хамт амьсгалсан
Үзэсгэлэнгийн үнэртэй түүнтэйгээ хамт өтлөх минь ч хайр болно
Хайр хайр болно
Хайрын тухай би бичсээр байх болно


Т.Дарханхөвсгөл “Хараацай гэж дууддаг бүсгүйд зориулсан шүлэг”

Оддын дунд амьдардаг цаст уулын охин

Огт өөр амьдралаас нисч ирсэн Хараацай юм чи

Сул задгай гэзгээрээ эрчүүдийн зүрхийг гижигдэж

Сүүдрээ унагаад нисэхдээ охин насаа дурсаж ичингүйрдэг

Гэгээн тайтгарал юм чи

Хаа нэгтээгээс салхи хөлөглөсөн үнсэлт ирэхийг

Санаа алдан өвдгөө тэвэрч хүлээдэг

Гэнэн итгэлт юм чи

Эргэж ирэхгүйг нь мэдсээр байж

Инээдэн дундаа гунигаа нуун дэрвэж явдаг

Эрвээхий хонгор далавч юм чи

Эргэлдэн дүүлсээр өөрөө ч бас

Эргэж ирэхгүйгээ мэддэг хэрнээ

Энэ амьдралд хэтэрхий хайртай

Оддын дунд амьдардаг цаст уулын охин юм чи

Огт өөр амьдралаас нисч ирсэн Хараацай юмаа


Д.Эрдэнэзулай

Энэ хардаа, миний зүрх

Чинийх шиг, жижигхэн, цохилдог

Цээжин дотроо байгаа, байдаг

Гал халуун, амьтай

Энэ зүрхийг бариж атгаад, тэврээд

Хайрлаад байж болдог

Бүр чанга базчихвал өвддөг

Бүр чанга базчихвал өвддөг

Зөөлхөн тэмтрээд, энхрийлэн үнсвэл

Тэлдэг, тэлдэг

Бүгдийг багтаах хүчтэй болдог

Бүгдийг уучлахаар уужуу болдог

Энэ зүрх бүгдэд байдгыг мэддэг хэрнээ

Ийм зүрхээ бүгд л өвтгөж үзсэн мөртлөө

Гартаа ирт үгс атгаад бүгд л

Бусдын зүрх рүү дайрдаг

Тэгээд сийчээд л, сийчээд л

Өвлийн шуургыг нүүр нүцгэн сөрчихсөн юм шиг

Гүн үрчлээс татсан зүрхтэй болгочихдог

Тэгээд өөр өөрсдийн хатаж хорчийсон зүрхээ нуугаад

Чангаар инээцгээдэг Бүр хачин, хүйтнээр инээцгээдэг

Ийм л хүмүүсээс зүрхээ нуумаар байхад

Цээж оволзоод, дандаа час халуунаараа...

Гэрэл зургийг: Э.Пүрэв /PRV/