"ЦАЙРТ МИНЕРАЛ" ХХК ХАМТЫН АЖИЛЛАГААНЫ ГЭРЭЭ БАЙГУУЛАВ
8 сар, 2 долоо хоног өмнө

Сүхбаатар аймагт уул уурхайн үйл ажиллагаа явуулдаг Цайрт Минерал” ХХК нь Дорноговь аймгийн нутаг дэвсгэрээр цайрын баяжмалыг тээвэрлэж экспортод гаргадаг. Хэдийгээр уул уурхайн үйл ажиллагаа нь Сүхбаатар аймагт явагддаг ч Дорноговь аймгийн 200 км газар нутгаар тээвэрлэлт хийдэг учраас Цайрт Минерал ХХК-ний Төмөртийн Овооны уулын баяжуулах үйлдвэрийн тэргүүн дэд захирал С.Батхүү тэргүүтэй албаны хүмүүс өнөөдөр Аймгийн Засаг дарга Т.Энхтүвшинтэй уулзаж хамтын ажиллагааны гэрээ байгууллаа.

Энэ үеэр аймгийн Засаг дарга Т.Энхтүвшин “эдийн засаг хүнд байгаа энэ үед хувийн хэвшлийн салбарыг дэмжиж ажиллана. Гэхдээ Өргөн сумын малчдаас “Цайрт минерал” ХХК тээвэр хийхдээ олон салаа зам гаргаж байгаль орчин, бэлчээрийг сүйтгэж байгаа талаар гомдол ирснийг онцлоод Дорноговь аймгийн нутгаар тээвэр хийхдээ батлагдсан маршрутаар тээвэр хийх, маршрутын замаа жилдээ 1-2 удаа засч янзлах, аймаг орон нутгийн бүтээн байгуулалтад хөрөнгө оруулалт хийх” зэрэг асуудлыг ярилцсан юм. Дорноговь аймгийн нутгаар өдөртөө Цайрт Минерал” ХХК-ний цайрын баяжмалтай таван ачааны машин тээвэрлэлт хийдэг аж.


Б.Цэнд-Аюуш